Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих ёслол боллоо

“Оюу толгой” ХХК, Өмнөговь аймаг, Ханбогд болон бусад сумдын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г үүсгэн байгуулсан юм. Энэхүү гэрээний хүрээнд тус сангаас санхүүжүүлж буй ээлжит төсөл болох Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү төслийн хүрээнд 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдах бөгөөд 2018 оны 8 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Ханбогд сум хурдацтай хөгжиж, хүн ам ихээр төвлөрч буйгаас цэцэрлэг, сургуулийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэн тус суманд шилжин ирэгч, түр оршин суугч, сумын иргэдийн хүүхдүүд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалт хөтөлбөрт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Одоогийн байдлаар 440 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 970, 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 420 хүүхэд хамрагдаж байна. Энэхүү төсөл нь Оюу толгой болон ГОХД сангийн орон нутагт зориулж хамтран ажиллах харилцан түншлэл, үүрэг амлалтын томоохон жишээ болж байна. Эдгээр боловсролын төвүүд үүд хаалгаа нээснээр 800 гаруй хүүхдэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломж олгоод зогсохгүй орон нутгийн иргэдийг урт хугацааны ажлын байраар хангах таатай орчин бий болгох юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.