Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

ЦЕГ “Оюу толгой” компани, Мобиком корпорацитай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн томоохон төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс, Улаанбаатар хот,

Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс орон нутгийн замд гарч буй осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Яараад яах вэ дээ” аяныг санаачлан, “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК-тай хамтран аяны хэрэгжилтийг дэмжиж, санхүүжүүлэх тухай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК хамтран 280 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд 2019 онд Монгол улс даяар замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах нөлөөллийн аянг зохион байгуулах юм.

“Оюу толгой” компани “Тэг осол зөрчил” уриан доор нэгдэн, аюулгүй ажиллагааг үнэт зүйл, тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уурхайн цогцолбортоо тусгай стандартаар зохицуулж, аюулгүй ажиллагааны жишиг соёлыг хэвшүүлсэн. Энэ соёлоосоо олон нийтэд хуваалцаж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2018 оноос эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудад олон удаагийн сургалт зохион байгуулсан юм.


“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийг дэмжсэн тэр дундаа хүүхэд залууст чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25 дугаар тусгай сургуульд цахилгаан шат барьж, сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжсэн, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг төсөл” хэрэгжүүлсэн, 186-р цэцэрлэгт аутизмтай хүүхдийн анги тохижуулсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амардаг “Хөдөлмөр” зусланд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авч суурилуулсан зэрэг төслүүдийг хэрэгжүүлээд байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байсан төслүүдээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөл онцгой ач холбогдолтой юм. Цагдаагийн Ерөнхий Газар болон Мобиком Корпорацитай хамтран хэрэгжүүлэх төслөөрөө дамжуулан олон эрдэнэт хүний амийг аврахын төлөө ажиллах болно” хэмээн хэллээ.

Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада: “Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан яаралтай тусламжийн утас 108, ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж зэрэг олонтомоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, үүнээс үүдэлтэй нас баралтыг багасгах, цаашлаад авто замын хөдөлгөөнд оролцогч иргэдэд мэдлэг олгох энэхүү аяныг “Оюу толгой” компанитай хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна” гэж хэллээ.

Гурван сая хүн амтай Монгол Улсад автомашины ослоор жилд дунджаар 500 хүний амь үрэгддэг бөгөөд 10 орчим хувь нь хүүхдүүд байдаг. Мөн олон мянган хүн автомашины ослоос үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг. Ослын дийлэнх нь хувь хүний буруутай үйлдлээс улбаатай тул жолооч бүр хариуцлагаа нэмэгдүүлж эдгээр ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ослоос үүдэх нас баралтын дийлэнх хувь нь хөдөө, орон нутгийн замд харин бэртэл гэмтлийн олонх нь нийслэл хотод тохиолддог.

Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд явах замд хурд хэмжигч камер суурилуулна. Энэ орчмын замд хүмүүс хурд хэтрүүлэх нь түгээмэл байдаг бөгөөд нас баралтын хувь өндөр байсаар байна. Жишиг байдлаар иж бүрэн камер суурилуулснаар хурд хэтрүүлж, осол аваар гарах тохиолдол буурах юм. Монгол Улс 2020 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй амь нас алдах явдлыг 50% хүртэл бууруулах үүрэг амлалт авсан. Амлалтаа хэрэгжүүлэхэд энэхүү төсөл хувь нэмрээ оруулах юм.

Төр, хувийн хэвшлийн уялдаа сайжирч, хамтран ажилласнаар нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломж байгааг энэхүү хамтарсан төслөөс мөн харах боломжтой.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.