Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Шилдэг 38 оюутан “Оюу толгой” компанийн тэтгэлэг гардлаа

Монгол Улс, Улаанбаатар хот,


"Оюу толгой" компанийн 2014-2015 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол "Блю скай" цамхагт өнөөдөр боллоо.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт уламжлал ёсоор есдүгээр сард эхэлж, нийт 320 гаруй оюутан хамрагдсанаас өнөөдөр ийнхүү 38 оюутан тэтгэлгээ гардан авлаа. Тэдний 17 нь ШУТИС, арав нь МУИС, бусад нь Орхон, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутнууд юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хөдөлмөрийн эрүүл ахуйч мэргэжлээр энэ жил анх удаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй нь онцлог зүйл боллоо. Оюутнуудаас хамгийн олон буюу долоо нь барилгын инженер мэргэжлээр суралцаж буй ажээ.

'Оюу толгой' компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх ёслолыг нээж үг хэлэв. "Оюу толгой" компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх ёслолыг нээж хэлэхдээ "Оюу толгой" бол зөвхөн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолдог компани биш, байгалийн баялгийг оюуны баялаг болгох үйлсэд хувь нэмрээ оруулдаг юм. Зөвхөн боловсролын салбарт гэхэд өнгөрсөн дөрвөн жилд 123 сая ам.доллар зарцууллаа. Эрдэмд оройгүй, эх орондоо ихийг бүтээх ухаалаг хүмүүн болоорой гэж тэтгэлэгт шалгарсан залуустаа захья" гэв.

Энэ жилийн хувьд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлгийн болзлыг гурван оюутан хангажээ. Тэд уул уурхай, байгаль орчин, цахилгааны инженер мэргэжлээр дотоодын их, дээд сургуульд сурч буй бөгөөд АНУ, Канад, Австрали улсад суралцах юм. "Оюу толгой" компани өнөө жил дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 295 сая төгрөг, гадаадынхад 180 мянган ам.доллар зарцуулах юм.

"Оюу толгой" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй "Хүмүүсийг сурч боловсроход туслах нь үнэхээр сайхан үйлс билээ. Оюуны хөрөнгө орууулалтын үр шим нь үлэмж гэдэгт итгэж байна. Бид Монголын боловсролын салбарыг дэмжиж буй хөрөнгө оруулалтдаа сэтгэл нэн хангалуун байдаг юм" гэж ярив.

"Эрдэнэс Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд "Оюу толгой" компани Монгол улсын төсөвт асар их нэмэр болдог. Төсөвт төлөх татвараас гадна уул уурхайн бус олон салбарт ихээхэн хөрөнгө оруулдаг. Энэ хэрээр төрийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж, хөгжил дэвшилд нь тус болдог. Энэ чанараараа "Оюу толгой" Монголын нүүр царай имиж болсон компани юм" гэж үнэлэв.

БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган " "Оюу толгой" компани Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар ихээхэн санаачилгатай, үр бүтээлтэй ажилладаг юм. 10 гаруй сая ам.доллараар Налайхын техникийн коллежийг барьж байгуулсан ганцхан жишээ л үүний нотолгоо. Оюутан залуус та бүхэн олны итгэлийг дааж сайн сураарай" гэж хэлэв.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн төгсөх ангийн оюутан Б.Эрдэнэбаатар дэлхийн жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтэн болохын тулд чармайн суралцахаа илэрхийллээ.

"Оюу толгой" ХХК-ийн дотоодын тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүр 200 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, хөдөө орон нутгаас ирсэн бол дотуур байрны төлбөр багтдаг. Хэрэв тухайн оюутан амжилттай сайн суралцвал сургуулиа төгстөл уг тэтгэлгийг үргэлжлүүлэн хүртэх, улмаар "Оюу толгой"-д дадлага хийх боломжтой. Гадаадын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын сургалтын болон оюутны байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, визийн хураамж, эх орондоо ирэх буцах онгоцны зардлыг "Оюу толгой" компани бүрэн даадаг юм. Үүний зэрэгцээ сар бүр мөнгөн тэтгэлэг олгож, жил бүр ном, сургалтын хэрэглэгдэхүүний мөнгө олгодог. Энэ бүхэн оюутнуудад ихээхэн дэмжлэг, боломж олгодог юм.

"Оюу толгой" компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай Харилцан ойлголцлын Санамж бичигт 2010 онд гарын үсэг зурcан бөгөөд энэхүү Санамж бичгийн үндсэн чиглэл нь Монгол Улсын уул уурхай болон бусад салбарт өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх явдал юм. Санамж бичгийн дагуу 2015 он гэхэд 200 оюутанд дотоодын, 30 оюутанд олон улсын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөснөөс 170 оюутанд дотоодын, 23 оюутанд гадаадын тэтгэлэг олгоод байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.