Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлд хамтран ажиллана -

Монгол Улс, Улаанбаатар хот - “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцаа (ЭМААБООНХ)-ны стандартыг сайжруулж Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уг санамж бичиг нь ЭМААБООНХ-ны чиглэлээр хоёр компани харилцан туршлага солилцож, мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар асуудалд өргөн цар хүрээгээр хандан, тэргүүн туршлагаас суралцаж, Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллахад чиглэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид Эрдэнэт үйлдвэртэй дөрвөн чухал чиглэлээр хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бидэнд бие биенээсээ суралцах зүйлс их бий. Санамж бичгийг ажил хэрэг болгосноор талууд нөгөө талын онцлог туршлага, ур чадвараас суралцаж, цаашлаад Монголын уул уурхайн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Уул уурхайн салбарт олон арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан “Эрдэнэт үйлдвэр” орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн гараагаа эхэлж буй “Оюу толгой”-той өөрийн арвин туршлагыг хуваалцах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын уул уурхайн салбарт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж хэллээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын даргын эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар болон хоёр компанийн удирдлагууд оролцлоо.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.