Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: С.Тамир "Оюу Толгойн гүний уурхайд гурван жилийн дараа хийх ажлаа урьдчилаад харлаа"

Оюу Толгой компани Шинэ төгсөгчдийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрөөр шинэ төгсөгчдийг Рио Тинто компанийн бусад улсуудад байрлах томоохон уул уурхайд ажиллуулж, дадлагажуулж байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдан Австрали улс дахь Рио Тинто компанийн Нортпаркес уурхайд мэргэжил дээшлүүлээд ирсэн С.Тамиртай ярилцлаа. Тэрээр одоо Оюу Толгой ХХК-ийн Гүний уурхайн техник, үйлчилгээний хэлтэст ажиллаж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй уурхайд дадлага хийгээд ирсний хувьд ямар сэтгэгдэлтэй байна. Тэнд ямар хугацаагаар суралцав?
Өнгөрсөн оны 5 дугаар сараас 2013 оны 5 сар хүртэл нэг жилийн хугацаатай гадаадын уурхайд дадлага хийж их зүйл сурч, мэдлээ. Үндсэндээ бид нар тэнд Оюу Толгойн гүний уурхайд гурав, дөрвөн жилийн дараа хийхээр төлөвлөсөн ажлаа урьдчилаад харлаа гэж хэлэхэд болно. Гүний уурхайд блокчлон олборлох арга хэрэглэсэн туршлага манай улсад байхгүй. Тиймээс газар дээр нь очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, ажиллана гэдэг маш их туршлага боллоо. Манайхан ‘Мянга сонсохоор нэг удаа үз’ гэж ярьдагчлан ном, сурах бичгээс унших, газар дээр очиж үзэх их ялгаатай юм байна.

Оюу Толгойгоос ямар мэргэжлийн хэдэн хүн явсан бэ?
Оюу Толгойн зургаан ажилтан Нортпаркес уурхайд дадлага хийлээ. Надтай хамт хоёр механик инженер, цахилгаан, баяжуулалт, геотехникийн нэг нэг инженер явсан.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр-т хэрхэн хамрагдав. Ямар мэргэжлээр хаана сургууль төгссөн бэ?
Миний хувьд ТИС-ийг Уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаад Чех улсад магистр хамгаалсан. Төгсөж ирээд Оюу Толгой уурхайд мэргэжлийн ажилдаа орсон. Шинэ ажилтан болсны дараа шалгалт өгч тэнцээд 'Шинэ төгсөгчдийн хөтөлбөр'-т хамрагдсан даа.

Дадлага хийсэн уурхай ямар онцлогтой вэ. Оюу Толгойтой харьцуулахад?
Оюу Толгой компани Рио Тинтогийн стандартыг хэрэгжүүлдэг учраас аюулгүй ажиллагаа болон бусад зүйлээрээ ялгаа багатай. Оюу Толгой уурхай Нортпаркесаас нэлээд том, шинэ тоног төхөөрөмж, орчин үеийн шинэ технологи хэрэглэж байгаа. Энэ уурхай байгуулагдаад 20 жил болсон ч өнөөдөр тоног төхөөрөмжөө нэмээд, шинэчлээд явж байгаа. Үндсэндээ загвар маягийн уурхай. Уурхайд орчин үеийн техник, технологиуд нэвтрүүлэхээс гадна их, дээд сургуулиуд, Рио Тинтогийн компаниудаас судалгааны ажлууд нэлээд хийдэг юм байна лээ.

Загвар гэдгээ тодруулж болох уу. Сургалт, судалгааны төв байх уу?
Нортпаркес бол ерөнхийдөө загвар маягийн уурхай. Тиймээс хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд байнга туршиж, ашигладаг. Жишээ нь гүний уурхайн малталт ахилтын том машин анх удаа туршиж байна. Энэ машин тэсэлгээ хийлгүй урдаа байрласан зургаан хутгаараа хөрс хэрчиж ухаад, хойноос нь газрын цементэн болон боолтон бэхэлгээгээ өөрөө хийгээд явчихдаг. Амжилттай ажиллаж байна лээ. Үүнээс гадна анх удаа хүдэр зөөдөг туузан дамжуургыг ажиллах явцад нь доод талын дамрыг нь солих робот туршиж байгаа. Иймэрхүү олон шинэ техник, технологи туршдаг. Үүний зэрэгцээ Нортпаркес уурхайг түшиглэж Рио Тинтогийн сургалтын төв байгуулсан. Тэнд орчин үеийн технологи ашиглан гүний уурхайд байгаа юм шиг дуу чимээ сонсож, орчинд нь байгаа мэтээр эргэн тойрноо ажиглах өрөө бий. Шинээр очиж байгаа хүмүүсийг уурхайн гүнд оруулахаас өмнө тэнд түрүүлж танилцуулдаг. Нортпаркес гүний уурхайн блокчлон олборлох аргын мэдлэгийн төв учраас Рио Тинто болон бусад уул уурхайн компанийн инженер, техникийн ажилтнууд байнга ирж суралцдаг. Энэ жил гэхэд л Оюу Толгойгоос нэг, АНУ-аас хоёр, Австралиас хоёр хүн очиж, суралцахын зэрэгцээ судалгааны ажил хийж байгаа. Ер нь блокчлон олборлох аргаар мэргэшсэн инженер бэлтгэхэд ойролцоогоор 2.5-3 жил шаарддаг гэсэн. Тэнд арай богино хугацаанд буюу нэг жил сургах зорилготой ажилладаг.

Ер нь гүний уурхайн гол онцлог юу вэ. Товчхоноор хэлвэл?
Нортпаркес уурхайд блокчлон олборлох арга хэрэглэдэг. Оюу Толгойн гүний уурхайд ч бас ашиглана. Энэ технологийг зөв ашиглаж чадвал хамгийн бага зардалтай. Гэхдээ маш их тооцоолол хэрэгтэй. Газрын гүнд ажилчдаа эрсдэлээс хамгаалж, аюулгүй ажиллуулахын тулд маш нарийн тооцоо судалгаа хийх шаардлагатай байдаг. Гүний уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө, явагдаж байхад ч, дуусахад ч байнгын тооцоолол судалгаа хийдэг онцлогтой. Бүтээгдэхүүн гаргах зорилготой ч аюулгүй ажиллагаа хамгийн том шалгуур юм даа.

Шинэ төгсөгчид маань хэр зэрэг суралцав. Ямар нэг бэрхшээл гарч байсан уу?
Бидний хувьд боломжийн сайн суралцсан гэж бодож байна. Бэрхшээл бараг гараагүй. Миний бодлоор явахаасаа өмнө англи хэлний мэдлэгээ сайн болгох хэрэгтэй юм шиг санагдсан. Эндээс тодорхой мэдлэгтэй очдог ч мэргэжлийн англи хэл арай өөр. Хэл сайн бол сурах эрчим илүү хурдан болно.

Уурхайн ажилчид хаана амьдардаг вэ. Уурхай дагасан хот бий юу?
Уурхайгаас 30-аад км зайтай Паркес гэдэг 12 мянган хүнтэй жижиг хот байдаг. Тэнд бүх ажилчид нь амьдарч, гэрээсээ ажилдаа явна. Их тайван хот. Чөлөөт цагаа өнгөрөөх газар ихтэй. Уурхайчид үнэгүй үйлчлүүлнэ. Бас Австралийн хүнс, барааны бүх сүлжээ дэлгүүрийн салбар, банкууд бий. Бид нар өөрсдийн машинаараа ажилдаа ирж, очдог байлаа. Австралид байрны зардал их өндөр. Бидний хувьд уурхайн байранд үнэгүй амьдарч байсан. Уурхайн байр гэж нэрлэдэг ч хоёр унтлагийн өрөө, зочны өрөө, ариун цэврийн өрөө, гараажтай, манайхаар бол хаус маягийн том байшин л даа. Эргэн тойрон дахь зарим уурхайн ажилтнууд мөн л хотын оршин суугчид нь. Гэхдээ хотын иргэд бүгдээрээ уурхайд ажиллахгүй. Жижиг бизнес эрхлэгчид бие дааж хөгжөөд, хөл дээрээ тогтчихсон байдаг.

Уурхайчдын цалин хангамж хэр зэрэг байдаг вэ?
Энгийн иргэдийн цалингаас уурхайн ажилчдынх хоёр дахин их. Австрали улс өртөг өндөртэй ч уурхайчид боломжийн хангалуун амьдралтай.

Австраличууд уул уурхайдаа хэрхэн ханддаг вэ. Иргэдийнх нь дунд ямар нэгэн сөрөг ойлголт ажиглагдсан уу?
Манайд л сөрөг ойлголттой, эмзэг хүлээж авдаг болохоос тэнд бол уул уурхай ердийн зүйл. Улс нь татвараа аваад, хүмүүс нь ашиг тусаа хүртээд, нөхөн сэргээлт хийгээд бүх зүйл хуулийн дагуу л явагдаж байдаг.

Залуу хүний хувьд өөрийнхөө ажиллаж байгаа уурхай, мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ. Оюу Толгой компанийн зүгээс ажилчдаа хэр дэмжиж байна вэ?
Мэргэжлээ дээшлүүлэх боломж олгосон компанидаа их баярлаж явдаг. Миний хувьд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Оюу Толгой компани сургалтын тэтгэлэг, цалин урамшууллын нэмэгдэл, эрүүл мэнд, орон сууцны хөнгөлөлттэй зээл гээд ажилчдынхаа нийгмийн асуудалд их анхаардаг. Манай гэр бүл хөнгөлттэй зээлд хамрагдаж орон сууц авах гэж байгаа. Би Оюу Толгой уурхайн ирээдүй, өөрийнхөө ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг.

Ч.Батпүрэв

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.