Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Өмнөговь аймгийн Манлай сумд хоёр үйлдвэр шинээр нээгдлээ

Монгол Улс, Өмнөговь аймаг,

Оюу толгойн уурхайд баяжмалын уут болон нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх үйлдвэрүүдийн нээлт боллоо. “Их Шанхын Дугант” болон “Ханбогд Индастри” компаниуд үйлдвэрээ нээснээр сумд нийт 64 ажлын байр бий болж байна. Тус компаниуд гурван жилийн гэрээ байгуулснаар Манлай сумаас “Оюу толгой”-д бүтээгдэхүүн нийлүүлэх анхны ханган нийлүүлэгчид болсон юм. “Их Шанхын Дугант” компанийн үйлдвэр жилд 60,000 баяжмалын уут, харин “Ханбогд Индастри” компанийн үйлдвэр жилд нэг удаагийн 150,000 хамгаалалтын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай.  

“Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” стратегийнхаа хүрээнд орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймгийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй 27.8 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулсан. “Их Шанхын Дугант” болон “Ханбогд Индастри” компаниудтай мөн энэ хүрээнд хамтран ажиллах болсон билээ.

Үндэсний бизнес эрхлэгчдийн чадавхыг дэмжих, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Оюу толгой” компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын санхүүгийн корпорацийн хамтран байгуулсан Бизнесийн инноваци хөгжлийн төвийн сургалтад тус компаниуд хамрагдсан. Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир, “Оюу толгой” компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экерсли тэргүүтэй төлөөлөл оролцов.

Энэхүү үйл явдалтай давхцан Өмнөговь аймгийн Ханбогд сумд үерийн усны далан барих ажил эхэлж байна. Үерийн даланг “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хөрөнгө оруулалтаар барих юм. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” жил бүр таван сая ам.доллартай дүйх санхүүжилтийг орон нутгийн тогтвортой хөгжил, бүтээн байгуулалтын төслүүдэд зориулдаг. Тус сан 2015 оноос хойш өнөөг хүртэл 45.2 тэрбум төгрөгөөр 83 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд байна.

  Нэмэлт мэдээлэл

  • “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 онд 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн.
  • “Оюу толгой” компани 2019 оны эхний хоёр улирал 735 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 513 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцууллаа. 2010-2019 онд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан.
  • 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Өмнөговь аймгийн 71 ханган нийлүүлэгч Оюу толгойд бараа үйлчилгээ нийлүүлэв. 2010-2019 онд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 472 сая ам доллар зарцуулсан.
  • “Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” стратегийнхаа хүрээнд дотоодоос бараа, бүтээгдэхүүн худалдан авах 30 гэрээ байгуулсан бөгөөд нэмж 18 гэрээ байгуулахаар ажиллаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.