Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин

Байгаль орчин

Бидний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын стратегийн гол цөм нь байгаль орчинд хүндэтгэлтэй хандахад оршино. Бид үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөө учруулахаас сэргийлэх, учруулсан нөлөөг бууруулах, арилгах үүрэг хүлээсэн билээ.

Говийн цөл нутаг нь байгалийн өвөрмөц тогтоцтой, түүнийг хамгаалах шаардлагатай байдаг. Бид үйл ажиллагаа дуусах үед байгаль орчинд цэвэр эерэг нөлөө үзүүлсэн байх ерөнхий зорилго өмнөө тавьдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах нөлөөг багасгах, байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ оруулах, улмаар үйл ажиллагааны үр дүнд тус бүс нутагт эцсийн дүндээ үр өгөөж үлдэнэ гэсэн үг юм.

Бид энэ зорилгоо биелүүлэхээр байгаль орчны мэргэжилтнүүд, орон нутгийн ард иргэдийн санал, зөвлөгөөг тусгаж, олон тооны хөтөлбөр, удирдлагын арга барилыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ус, агаар, биологийн олон янз байдал, хог хаягдал, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа, хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Бид дараах хууль тогтоомж, шаардлагыг мөрддөг. Үүнд:

  • Монгол Улсын холбогдох бүх байгаль орчны хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрддөг
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн стандартыг мөрддөг
  • Төслийн зээлдүүлэгчдийн (Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк) байгаль орчны шаардлага, стандартыг мөрддөг
  • Рио Тинто группийн байгаль орчны бодлого, стратеги, стандартыг биелүүлдэг
  • Байгаль орчны гүйцэтгэлд тогтмол хяналт-шинжилгээ хийж, байгаль орчны хяналт-шинжилгээний дотоод хөтөлбөрөө мөрддөг

Бид орон нутгийн иргэд, удирдлага, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж, байгаль орчны бодлого, төлөвлөгөөгөө үргэлж шинэчлэн сайжруулж, байнга хяналт тавьдаг.

Бид байгаль орчны нөлөөний талаар бүрэн дүүрэн ил тод байж, хяналт-шинжилгээний үйл ажиллагааны тоо баримт зэрэг үйл ажиллагааныхаа талаарх олон тооны нарийвчилсан судалгаа, хөндлөнгийн байгууллагын тайланг хэвлэн нийтэлдэг билээ.

Бид олон салбарт чиглэсэн арга барилаар ажилладаг. Тухайлбал:

Өмнөговийн бүс нутагт ус бол хамгийн нандин байгалийн нөөц баялаг юм. Бид гадаргын усны хүртээмжийг хадгалахынтулд үйл ажиллагааныхаа хэрэгцээний тэнцвэрт байдлыг хангаж, усны нөөцийг орон нутгийн ард иргэд болон ирээдүй хойч үедээ бүрэн дүүрэн үлдээхийн тулд болгоомжтой хандах үүрэгтэй.

Усны хэмнэлт
Бид дэлхийн хэмжээнд хамгийн их усны хэмнэлт гаргах жишгээр үйл ажиллагаагаа явуулж, ижил төстэй уурхайтай харьцуулахад нэг тонн хүдэр боловсруулахад ашиглаж буй усны талаас бага хэмжээний усыг ашиглаж байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнээр дээрх үр дүнд хүрсэн юм. Үүнд:

  • Хаягдлын сангийн усыг хэмнэлттэй ашиглах;
  • Хөргөлтийн усыг 100% дахин ашиглах;
  • Уурхайн гүний усыг 100% дахин ашиглах;
  • Ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэрлэж 100% дахин ашиглах;
  • Машин механизмын цэвэрлэгээний усыг 100% дахин ашиглах;
  • Усыг ууршихаас хамгаалсан арга хэмжээ авах;
  • Усыг ариг гамтай ашиглах.

Бид бохир усыг байгальд шууд хаяхгүй байх бодлого баримталдаг. Энэ нь Оюу толгой уурхайд усыг ууршиж алга болох хүртэл нь дахин ашиглана гэсэн үг юм.

Усны шинэ нөөцийг олж тогтоох
Монгол орны өмнийн говийн бүс нутаг нь хуурай цаг ууртайн дээр, уурхайн үйл ажиллагаа явуулж, хүн ам нь өсөн нэмэгдэж байгаа тул бид 2003 оноос хойш усны нарийвчилсан хайгуул судалгаа хийж байна. Дээрх судалгааны ажлын үр дүнд газрын гадаргаас 150 метрээс багагүй гүн буюу орон нутгийн ард иргэдийн унд, ахуй, мал усалгаанд ашигладаг хөрсний усны түвшнээс хамаагүй гүнд орших гүний усны нөөц бүхий геологийн тогтоц болох хоёр томоохон уст давхаргыг илрүүлсэн юм.

Гидрогеологийн нарийвчилсан судалгаагаар Гүний хоолой уст давхаргыг 6 сая 800 мянган шоо метр усны нөөцтэй болохыг тогтоосон юм. Бид ус ашиглах зөвшөөрлийн дагуу тус уст давхаргын 20-иос илүүгүй хувийг л 40 жилийн турш ашиглаж, үлдсэн усны ихэнх нь ирээдүй хойч үедээ газрын гүнд үлдэнэ.

Гидрогеологийн судалгаа, усны эрэл хайгуулын үр дүнд тогтоосон бусад усны нөөц байгаагийн дээр Оюу толгой уурхайд усны зохистой хэрэглээг хэвшүүлснээр уурхай болон орон нутгийн ард иргэдийн усны хэрэгцээг хангах хангалттай нөөц бий хэмээн үзэж байна.

Орон нутгийн ард иргэдийн усны хангамж
Бид орон нутгийн ард иргэдийн ашиглаж буй гар худгийн усны чанар, хэмжээг хамгаалах, орон нутгийн ард иргэдэд усны хангамжийн шинэ үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлага хүлээнэ. 2003 оноос хойш худаг, булаг шанд, гүний худгуудад өргөн хүрээнд хяналт шинжилгээ хийж ирсэн.

Бид хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээний ажлаа цаашид үргэлжлүүлж, гарсан аливаа асуудлыг үр дүнтэй шийдвэрлэнэ. Бидний үйл ажиллагааны улмаас орон нутгийн ард иргэдийн усны хэрэглээнд ямар нэгэн нөлөө гарвал тухайн ард иргэдийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нөлөөг арилгах үүрэг хүлээж, хэрэглэж байсантай нь дүйцэх хэмжээ, чанарын усаар хангах баталгаа гаргадага.

Байгаль орчны хяналт шинжилгээний ажилд орон нутгийн ард иргэдийн оролцоог хангах, оролцуулах зорилгоор орон нутгийн ард иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хоёр талт хамтын зүтгэл нь бидний хяналт-шинжилгээний ажлыг, мөн байгаль орны ажлын гүйцэтгэлийн ил тод байдлыг сайжруулдаг.

Түүнчлэн, "Оюу толгой" компани Ханбогд сумын төвд усны шинэ эх үүсвэр олж тогтоох хайгуулын ажилд 1.7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Усны тогтвортой эх үүсвэрийн талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахад зориулж цаашид туршилт, загварчлал хийх болно.

Агаарын чанарын менежмент
Орон нутгийн агаарын чанарыг дээд хэмжээнд байлгах үүднээс үйл ажиллагаанаас үүдэх тоос, хүлэмжийн хий, дуу чимээ, доргилт зэргийг хянах үүрэг хүлээдэг.

Тоосжилтыг хянах, бууруулах
Говь нутагт шороон шуурга олонтаа тохиолддог. Бид тэсэлгээ, ачилт, буулгалт, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зэргээр манай үйл ажиллагаанаас үүсч болзошгүй тоосжилтын түвшинг бууруулах арга хэмжээ авч байна.

Бид уурхай дотор, гадна талд нийт 33 хяналтын цэг тогтоож, тоосжилтын түвшинг тогтмол хянаж, агаарын чанарын стандартын шаардлага хангаж буйд хяналт тавин ажилладаг.

Хүлэмжийн хийн менежмент
"Оюу толгой" дахь авто тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, цахилгаан үүсгүүрүүд, уурын зуух зэрэг нь агаарт хүлэмжийн хий ялгаруулах эх үүсвэрүүд болох тул нийт 40 хяналтын цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээ тогтмол хийж, дээрх ялгарал нь агаарын чанарын үндэсний стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьдаг.

Дуу чимээ, доргилтыг бууруулах нь
Дуу чимээ, доргилтын болзошгүй эх үүсвэрүүд нь нисэх буудал, өрөмдлөг, тэсэлгээ, уурхайн үйл ажиллагаа, хүнд машин механизмын хөдөлгөөн бөгөөд эдгээрээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөг бууруулахаар зорьж ажилладаг.

Бид эдгээр нөлөөг бууруулахын тулд төрөл бүрийн инженерийн, үйл ажиллагааны хяналтын арга хэрэгсэл авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Худалдан авах ажиллагааны явцад дуу чимээ хянах техникийн тодорхойлолтыг тусгах;
  • Тоног төхөөрөмжийнхөө дуу чимээний тохиргоог хийх;
  • Дуу чимээний тархалтыг багасгахын тулд төслийн талбайн байршлыг тохируулах;
  • Тоног төхөөрөмжийн ашиглалт, ажиллах цагийг зохицуулах менежментийн шинэ журам нэвтрүүлэх;
  • Дуу чимээг өдөр/шөнийн өөр өөр цагуудад тогтмол хянаж шалгах

Ургамал ба амьтны аймаг

Биологийн олон янз байдлыг өөр өөрөөр тодорхойлсон байдаг. “Оюу толгой”-н хувьд гараг ертөнц дээрх олон төрлийн амьд биет – төрөл бүрийн амьтан, ургамал, микро-организм болон тэдний бүрдэл хэсэг болсон экосистемийг биологийн олон янз байдал хэмээн авч үздэг. Бидний үйл ажиллагааны улмаас учрах нөлөөг бууруулан биологийн олон янз төрлийг хамгаалахад гар бие оролцож, улмаар өмнийн говийн бүсэд үр ашгаа өгөхөд зорьж ажиллах юм.

Биологийн олон янз байдлын хамгааллын талаарх үйл ажиллагаа, судалгаа, хяналтшинжилгээний үр дүнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг компанийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнчлэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ–нээс үзнэ үү.

Ургамлын аймаг: Өмнөговийн ургамлын аймгийг хамгаалах

“Оюу толгой”-н уурхайн ойр орчимд 158 зүйлийн ургамлыг судалгаагаар тогтоожээ. Бид хяналт тавьсанаар төслийн бүс дэх ургамалжилтад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Үүний тулд ургамлын бүрхэвчийг аль болох бага хөндөх, хөндсөн аливаа газрыг бүрэн нөхөн сэргээх үүднээс газар нутаг, нөхөн сэргээлт, ургамалжилтыг хамгаалахад чиглэсэн төрөл бүрийн стратеги боловсруулаад байна.

Мөн Ургамалжилтын хяналт судалгааны цогц хөтөлбөрийг “Оюу толгой”-н уурхай, түүний ойр орчимд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тухай Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан–д дэлгэрэнгүй тусгасан болно.

Амьтны аймаг: Ан амьтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, дүрвэхгүй байх нөхцөл, амьдрах орчин бүрдүүлэх

Говь нутаг эрс тэс уур амьсгалтай хэдий ч ховор, улсын тусгай хамгаалалтад орсон олон тооны төрөл зүйл бүхий биологийн олон янз байдын хувьд баялаг юм. Төслийн үйл ажиллагаанаас эдгээр төрөл зүйл, тэдний амьдрах орчин, тоо толгой, шилжилт хөдөлгөөн зэрэгт учруулах саад, сөрөг нөлөөг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, нүүдлийн хөхтөн, шувуудын төрөл зүйл, шувуудын үүр засах газар, жижиг хөхтөн амьтдын түр орогнох байр зэрэгт нөлөөлөхүйц байдлаар ургамалжилтад үзүүлэх нөлөө үүнд багтана. Бид үүнийг хэрэгжүүлэхдээ ан амьтдын ажиглалт, судалгааг өргөн хүрээнд хийдэг бөгөөд ан амьтдын судалгаа хийх, өмнийн говийн бүс нутагт биологийн олон янз байдлыг алдагдуулахгүйн тулд ан амьтдыг хамгаалах үндэсний, олон улсын байгууллагуудтай түншлэл тогтоогоод байна.

"Оюу толгой" аль болох бага хог хаягдал үүсгэх, боломжтой бол дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн хог хаягдлыг багасгах зарчмыг баримтлан хог хаягдлыг зүй зохистой удирдан зохицуулахыг зорьдог. Ажилтнуудынхаа дунд энэ зан үйлийг хэвшүүлэхийн тулд хог хаягдал гарах эх үүсвэр цэг бүрт тохирох төрлийн хогийн савнуудыг байрлуулж, энэ талаар мэдлэг олгох сургалтыг тодорхой давтамжаар явуулж байна.

Бид хог хаягдлаа дахивар болон идэвхгүй хаягдал, аюултай болон аюулгүй зэргээр дөрвөн төрөлд ангилж, улмаар цааш нь 33 төрөлд ангилан ялгаж, зохих байдлаар хянан удирдаж байна.

Түүнчлэн хоол хүнсний хаягдлыг боловсруулах, бохирдсон хөрсийг биологийн аргаар цэвэрлэх туршилтуудыг хийж байна.

Газрын тогтвортой менежментийн бодлогын хүрээнд Монгол Улсын холбогдох хууль, стандартын шаардлагуудын дагуу уурхайн хаалтын, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүд боловсруулаад байгаа бөгөөд үүнд газрын эвдрэл бага байлгахаар тусгасан.

Газар хөндөх менежмент
Газрын эвдрэлийг хамгийн бага хэмжээнд хязгаарлахын тулд газар хөндөх аливаа үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө тухайн ажлын талбайд байгаль орчны шалгалт хийж, дүгнэлт гаргасан байх шаардлага тавьдаг. Энэ дүгнэлтэд заасан хамгаалах арга хэмжээнүүдийг гүйцэтгэсний дараа ажил гүйцэтгэх зөвшөөрлийг баталдаг.

Ингэснээр ус, биологийн олон янз байдал, нутгийн ард иргэд, соёлын өв зэрэг олон асуудалд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг арилгаж, бууруулахын зэрэгцээ байгаль орчны болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг. Энэ журам "Оюу толгой" компаниас санхүүжүүлдэг төслүүдэд ч хамаарна.

Өнгөн хөрсний менежмент
Дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны явцад хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх ургамлан бүрхэвч, биологийн төрөл зүйлийг эргүүлэн тогтооход хамгийн чухал зүйл бол "Оюу толгой" компанийн өнгөн хөрсний менежментийн төлөвлөгөө юм.

Аливаа газар хөндөх ажлыг эхлүүлэхийн өмнө шимт хөрсийг ажлаа дууссаны дараа тухайн газрын нөхөн сэргээлтэд эргүүлээд ашиглахаар зохих журмын дагуу хуулж, хадгалдаг.

Нөхөн сэргээлтийн ажил
Төслийн эрэл хайгуул, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг төслийн үйл ажиллагааны явцад, мөн дараа нь нөхөн сэргээхийн зэрэгцээ төслийн барилгын ажлын эхэн үеэс уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Нөхөн сэргээлтийн ажлын үндсэн зорилгуудын нэг нь хөндөгдсөн талбайг хүн, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгоход оршино. Газар нутгийг аюулгүй болгохдоо техникийн нөхөн сэргээлтийг стандартын өндөр түвшинд гүйцэтгэх хэрэгтэй. Компанийн мэргэжлийн баг нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавихаар гүйцэтгэгч нартай хамтран ажилладаг.

Төслийн бүхий л шатанд хийгдэх нөхөн сэргээлтийн ажилд бэлтгэх зорилгоор туршилт, судалгааг 2003 оноос эхлүүлсэн. 2014 оны 8 дугаар сарын байдлаар 781.03 га талбайд техникийн, 203.4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Ойн нөхөн сэргээлтийг 17.21 га талбайд хийлээ. Эдгээрийг хийхдээ тухайн нутгийн уугуул төрөл зүйл, уугуул ургамлаас түүсэн, орон нутгийн ард иргэдээс худалдан авсан үрийг түлхүү ашиглаж байна.

Нөхөн сэргээлтийн ажлыг тууштай, тасралтгүй хийснээр төслийн хаалтын дараах аюул ослын эрсдлийг бууруулж байгаа юм. Хамгийн гол нь олон жилийн турш хийсэн нөхөн сэргээлтийн ажлын тэргүүн туршлагад тулгуурласан шинэ арга барил, технологиийг тухайн үед ашиглах болно.