Хэвлэл мэдээлэл
Өгүүлэл

Ухаалаг уурхайн уулын мастер


Өвлийн богино өдөр хэдийнэ дуусч, гадаа харанхуй болжээ. Ийм нэг орой Оюу толгойн ил уурхайн гүн рүү хоёр инженерийн хамт суудлын машинаар уруудаж явна. Тэр хоёрын нэг болох Б.Бат-Эрдэнэ шөнийн ээлжээ хүлээн авч, талбайтайгаа танилцахаас гадна надад "газарчилж" яваа нь энэ. Бидний өөдөөс хүдэр ачсан аварга том машинууд гэрлээ гялалзуулан, ачаандаа түүртэх мэт алгуурхан зөрж өнгөрнө. Ээлжийн ахлагч Б.Бат-Эрдэнэ "Машины урд, хойд талд асах тоо хувийн дугаар нь. Хажуугийн гэрлэн тоо бол ачааных нь жин. Одоо энэ машин гэхэд 285 тонн хүдэр ачсан байна" хэмээн тайлбарлана. "Комацү 930Е-4SЕ" хэмээх энэ машин 3,500 морины хүчтэй, нэг удаа 290 тонн ачаа ачдаг, 15 метр өргөнтэй, 18 метр урттай. Шатахууны сав нь 4.5 тонны багтаамжтай. Ил уурхайд ийм 28 машин ажиллаж байгаа гэнэ. Хэсэг яваад л нүсэр том экскаваторууд хүдэр ачиж байгаатай таарна. Өнөөдөр ил уурхайд хоёр "Бисариус", хоёр цахилгаан, хоёр дизель экскаватор ажиллаж байгаа аж. Цахилгаанаар ажилладаг "Бисариус" нь өндөр бүтээмжтэй, нэг удаа 120-130 гаруй тонн хүдэр утгаж, ачдаг гэхээр хэр хүчтэй техник болох нь мэдэгдэнэ. Бас дэлхийд хамгийн томд тооцогдох "Комацү WA1200" гэдэг хүнд даацийн дугуйт ачигч энд бий. Ил уурхайн ачдаг, тээвэрлэдэг нь бүгдээрээ л дэлхийд дээгүүр ордог "аваргууд" байх аж. Замын баруун талд өнгөрөх далан буюу тэдний мэргэжлийн хэллэгээр хөмсөг дээгүүр хос хар, шар кабель утас тасралтгүй үргэлжилнэ. Үүгээр гүйх 6,000 вольтын цахилгаанаар "Бисариус" болон өрмийн машинууд ажилладаг байна. Бас замуудын уулзвар дээр цэнхэр, шар гэрлэн шонгууд асаатай харагдана. "Өдөр нь нарны энергиэр цэнэглэгдээд, шөнө асдаг. Байнга хянаж, гэмтэл гарсан бол яаралтай засуулдаг" хэмээн ахлах Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Хоёр ахлах маань машиндаа ажлаа зөвлөлдөж, ээлжээ хүлээлцээд, буцахаар дээшээ өгслөө. Бидний өмнө хүдэр ачсан "Комацү" машин явна. Уурхайн дүрэмд ачааны машиныг гүйцэж түрүүлэх хориотой учраас эргэх хүртэл нь дагав. Энэ зуурт машины технологийн давуу талын тухай яриа ч өрнөөд амжлаа. Комацү машин өөрөө ачаагаа жинлээд, хурдаа хязгаарладаг, жин нь хэтэрвэл явдаггүй тун "ухаалаг" техник аж. Бас бүхээг дотроо орчин үеийн технологитой хуваарилах систем бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй. "Комацү" машин дээр ачаа ачмагц буулгах газар нь дэлгэц дээрээ гараад ирчихнэ. Тэр газарт нь ачаагаа буулгаад "Буулгалаа" гэсэн товч дармагц автоматаар аль ачигч руу очихыг заагаад өгчихдөг. Өмнөх экскаватор луу очоод ачуулах ээлжээ хүлээх шаардлагагүй. Заасан экскаватор луу очиход өөр нэг машинд хүдэр ачаад яг дуусч байх жишээтэй. Орчин үеийн хуваарилах системээр хүнд даацын ачааны машин ямар хурдаар, ямар хугацаатай явж, ачаагаа буулгаад, аль экскаватор луу очихыг нарийн тооцоолдог байна. Энэ бүхэн ил уурхайн үйл ажиллагаа хүлээгдэлгүй, алдагдалгүй ажиллах үндэс гэнэ. Б.Бат-Эрдэнэ надад хуваарилах системийн үйл ажиллагааг өөрийнхөө компьютер дээр харуулахаар амлав. Энэ үед зам дээр өмнөх машинаас унасан болов уу гэмээр аягын чинээ чулуу харагдахад Б.Бат-Эрдэнэ богино долгионы станцаа авч, яаралтай цэвэрлэх үүрэг өглөө. Шовх үзүүртэй л бол жижигхэн чулуу байсан ч ачаа нь 300, машин нь өөрөө 200, нийлээд 500 тонны хүнд жингээр дарахад дугуй хагарах магадлал өндөр. Уулын мөлгөр чулуу ч ховор нь мэдээж. Нэг бүр нь 80 сая төгрөгийн үнэтэй дугуй хагарна гэдэг эдийн засгийн хувьд ч том хохиролтой. Тиймээс ээлжийн ахлагчаас эхлээд хүн бүр зам дээр чулуу унасан байна уу гэдгийг сайтар харж, унасан бол яаралтай мэдээлэх үүрэгтэй.

Биднийг ил уурхайн ажлын байранд ирэхэд шөнийн ээлжийн 50 орчим хүн ажилдаа ирсэн байлаа. Энэ удаагийн хурал аюулгүй ажиллагааны зөвлөмжөөр эхэлж, ээлжийн ахлах ажилтан ажлаа хуваарилснаар дуусав. Ажлын байрны нэг талын хана тэр чигээрээ мэдээлэлд зориулагджээ. Ачааны машин, эксковатор зэрэг тоног төхөөрөмжийн байршлийг шар, ногоон, улаан, цэнхэр, хар өнгөөр тэмдэглэдэг байна. Шар өнгө саатсан, ногоон бол ашиглагдаж байгаа, улаан нь гэмтэлтэй, цэнхэр нь ашиглахад бэлэн, хар нь ачаатай байгаа гэсэн утга илэрхийлдэг аж. Самбарт шөнийн ээлж 135 мянган уулын цул олборлох ёстой гэсэн тоо харагдах нь энэ багийн "даалгавар". Ийм төлөвлөгөөг өдөр, шөнийн ээлжээр, бас хоёр долоо хоног, сараар ч гаргадаг байна. Шөнийн ээлжийн ажил орой 18.30 цагт эхлээд өглөө 6.15 цагт сүүлийн ачилтаа хийж дуусгана. Дунд нь хоёр удаа 30 минутаар завсарладаг.

Б.Бат-Эрдэнийн хувьд 2005 онд Оюу толгойд хөл тавьсан түүхтэй. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг бизнесийн, ШУТИС-ийг уулын ашиглалтын технологи инженерээр төгссөн нэгэн. Сургуулиа төгсөөд уул уурхайн чиглэлээр зөвлөх компанид ажиллаж байв. Анх энд ирэхэд цэлийсэн хоосон тал дээр Оюу толгой гэж нутгийнхан нь нэрлэдэг жижигхэн толгой л харагддаг байв. Тухайн үед Оюу толгойн ордыг нээлцсэн нэрт геологич, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжавын удирдлага доор хайгуулын хэсэгт геотехникчээр ажиллаж байжээ. Үүний дараа 2011 оны 3 дугаар сараас ил уурхайн төлөвлөлтийн хэлтэст дунд хугацааны төлөвлөлтийн инженерээр ажиллаж. Гадаадын туршлагатай инженерүүдтэй хамт Монголд хэрэглэж байгаагүй, шинэ программ заалгаж уулын ерөнхий төлөвлөлт хийжээ. Үүнийг энгийнээр хэлбэл өнөөдрийн дүр төрхийг "Иймэрхүү л байх нь" гэсэн төсөөлөлтэй, гурван хэмжээст зургийн хамт урьдчилаад төлөвлөчихсөн гэсэн үг. Гэхдээ компьютер дээр өөрийнхөө төлөвлөсөн ажлыг 2012 оноос уурхай дээрээ жинхэнэ бодитоор хэрэгжүүлээд эхэлсэн байна. Түүний хувьд ил уурхайн ээлжийн анхны монгол ахлагч. Өмнө нь өндөр хариуцлагатай, удирдах ур чадвар шаардсан энэ албыг гадаадын мэргэжилтнүүд голдуу хашдаг байж. Биднийг ийн ярилцах зуур Б.Бат-Эрдэнээс станцаар "Уулын мастер аа, сонсож байна уу" гээд хэд хэдэн хүн ажлаа асуух сонсогдлоо. Оюу толгойн ил уурхай дахь түүний албан тушаал ээлжийн ахлах ажилтан боловч уурхайчид ярьж заншсанаараа уулын мастер гэж дуудна. Монголын аль ч уурхай дээр олборлолт ахалж байгаа хүмүүсийг уулын мастер гэж нэрлэдэг. Ийм нэртэй холбоотой онигоо найзад нь тохиолдож байж. Түүний найзыг хамт ажилладаг хүмүүс нь уулын мастер гэж танилцуулсанд нөгөө хүн уулын спортын тамирчин гэж ойлгоод "Хэдэн жил авирч байна" хэмээн асуусан гэдэг.

Би ээлжээ эхлэхийн өмнө ажилтнуудаасаа 'Сайхан амарцгаасан уу, Нойр муутай хоносон, ямар нэг асуудалтай хүн байна уу' гэж байнга асуудаг. Хэн нэгний ар гэрт нь асуудал гарч, нойр муутай амарч чадаагүй, эсвэл сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон байвал хүчээр ажилд нь гаргах эрхгүйТүүнээс шөнийн ээлж ямар онцлогтой вэ гэж асуухад "Би ээлжээ эхлэхийн өмнө ажилтнуудаасаа "Сайхан амарцгаасан уу, Нойр муутай хоносон, ямар нэг асуудалтай хүн байна уу" гэж байнга асуудаг. Хэн нэгний ар гэрт нь асуудал гарч, нойр муутай амарч чадаагүй, эсвэл сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон байвал хүчээр ажилд нь гаргах эрхгүй. Гаргасан тохиолдолд аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Аюулгүй ажиллагаа алдагдахад хүний амь нас хохирно, гэмтэл бэртэл авна, техник эвдэрнэ" гэж хариулсан. Бас "Оюу толгой бол хүн төвтэй компани. Аюулгүй ажиллах л хамгийн чухал. Хэдийгээр бизнесийн байгууллага ч аюулгүй ажиллагааг хангаад дараа ашгаа олно. Ашиг олохын тулд хүний амь эрсдэж, гэмтэж бэртэж болохгүй. Манай компанийн уриа бол гэрээсээ яаж ирсэн, тэр байдлаараа гэртээ буцах ёстой" хэмээн ажлынхаа онцлогтой холбосон. Шөнийн ээлжийн оператор "Өдөр нь сайн унтаж амраагүй нойр хүрээд байна" гэхэд ажлыг нь шууд зогсоож, кофе уулгаж, амраагаад буцааж ажилд оруулж байсан тохиолдол ч гарч байж. Надад "Би уул уурхайн ажлыг бие биеэсээ хамааралтай гинжин холбоостой зүйрлэдэг хүн. Жишээлбэл, 500 тонн жинтэй ачаатай машин уурхайгаас өгсөж яваад замын голд гэмтэл гараад хөдлөх боломжгүй зогсвол уруудаж, өгсөх бүх зам хаагдана. Бутлуур хүдэргүй зогсоно. Баяжуулах үйлдвэр хүдэргүй зогсож, баяжмал гарахгүй. Нэг гинж тасарвал бүгдээрээ зогсоно" гэж тайлбарлана билээ.

Б.Бат-Эрдэнэ эрчүүдтэй ажиллаж, дан эрчүүдээс бүрдсэн баг удирдана. Баримтлах зарчим нь энгийн. Хүн бүрийн сэтгэхүй, зан чанарт тохирлуулж ажиллана гэвэл хэцүү. Ажилтан бүр компанийнхаа дүрэм журмыг дагаж мөрдөөд, хариуцлагаа ухамсарлаж, аюулгүй, бас ёс зүйтэй ажиллавал хүндрэл бэрхшээл гээд байх зүйл гарддаггүй гэж нэмж тодотгосон. Уулын инженер мэргэжилтэй хүн уулын ажлын төлөвлөгөөний дагуу өндөр бүтээмжтэй ажиллах, алхам бүрт нь хяналт тавих, гарч болох бэрхшээлийг шийдэх, аюулгүй байдлыг хангах гээд удирдах манлайлах олон үүрэгтэй. Аюулгүй ажиллах нь тухайн хүний хариуцлага боловч ахлах ажилтны хувьд хүмүүсээ аюулгүй ажиллуулах нөхцөл боломжийг хянана. Түүний ажил байнга ажиглаж, хянаж, дүгнэлт хийдгээрээ онцлогтой. Уурхай доторх замаар явахдаа хүртэл тэмдэг тэмдэглээ ойчсон байна уу, салхи шуурганд буруу тийшээ харсан байх вий гээд ажиглаад өнгөрдөг.

Би түүний компьютер дээрх хуваарилах системийн үйл ажиллагааг хэрэг болгож үзлээ. Бүх экскаватор, хүнд даацын машинууд харагдаж байна. Ямар дугаартай машин хэдэн тонн ачаатай, ямар хурдаар явж байгаа, хэдэн минут яваад анхдагч бутлуур дээр ачаагаа буулгаад аль экскаватор дээр очих ёстойг өндөр нарийвчлалтайгаар заана. Экскаваторууд гэхэд аль талаасаа ачилт хийж байгаа, дуусах минутын талаарх мэдээлэл нь харагдах аж. Хүмүүс сүүлийн үед ухаалаг утас гэж ярих болсон. Харин үүнийг "Уул уурхайн ухаалаг шийдэл" гэвэл илүү оновчтой ч юм шиг.

Б.Бат-Эрдэнэ "Өмнөх үед булдозер барьдаг гэхээр тосонд хутгалдсан хүн гэж хүмүүс ойлгодог байсан. Одоо хөгжлөө дагаад хүмүүс оператор мэргэжлийг өөрөөр хүлээж авдаг болж. Оюу толгойд ажиллаж байгаа "Комацу 930Е-4SЕ" хэдийгээр нүсэр том машин ч суудлын тэрэг шиг зөөлхөн, барихад эвтэйхэн. Бүхээг дотроо тохилог, дуу чимээ багатай, агааржуулагчтай, даарахгүй, халууцахгүй, тоос шороогүй. Удирдлaгын системтэй, эвдрэл гэмтэл гарлаа гэхэд станцаараа засварын багаа дуудчихна. Манай операторууд энэ мэргэжлээрээ их бахархдаг. Би ч түүнд нь дуртай" гэж яриандаа дурдаж байсан.

Тэрээр ажлаа ярих зуураа гэр бүлийнхээ талаар "Эхнэр О.Мөнгөнчимэг аж ахуйн эрхзүйч мэргэжилтэй. Одоо хувиараа гоо сайхны салон ажиллуулдаг. Том охин ШУТИС-д Үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр сурч байгаа. Бага охин дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагч" хэмээн товчхон танилцуулсан.

Уул уурхайн үйлдвэрлэл аюулгүй ажиллагааг алхам бүрдээ мөрдөж, олон хүний хүч хөдөлмөр оролцож, өндөр зардлаар явагддаг гэдгийг Ил уурхайн шөнийн ээлжийн ажлаас харж болохоор. Хүмүүс мэдээгүй, хараагүй зүйлийнхээ тухай сургаар сонсож, тааж ярих нь олонтаа. Тиймээс ил уурхайн шөнийн ээлжийн ажилтай уншигчдыг танилцуулахаар зорьсон маань энэ. Тэнд уурхайчид цаг нартай уралдаж, үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж, хөдөлмөрлөж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.