Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2015 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол улс, Улаанбаатар хот - “Оюу толгой” компани 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Онцлох зүйлс:

  • Амь нас эрсэдсэн осол гэмтэл гараагүй, ажилласан 200 мянган цаг тутам дахь бүх гэмтэл бэртлийн давтамж 0.25 гэсэн аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллав.
  • Өмнөговь аймагтай 30 жилийн хугацаатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, урт хугацааны, хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчимд суурилсан хамтын ажиллагааны суурийг тавилаа.
  • Баяжмалын борлуулалтаас 2015 оны нэгдүгээр улиралд 426.2 сая ам. долларын орлого олж, борлуулсан баяжмалын хэмжээ 2015 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн хэмжээнээс илүү байв. 2015 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэл бага байхаар таамаглаж байсан бөгөөд энэ хугацааны орлого, борлуулалтын дүн нь үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдаж байна.
  • Ил уурхайн олборлолтыг 2015 оны төлөвлөгөөний дагуу явуулж, 2015 оны хоёрдугаар улирлаас өндөр агуулгатай хүдэр боловсруулах болно.
  • “Оюу толгой” компани энэ улиралд 66.4 сая ам.долларын татвар, хураамж төлж, дотоодын худалдан авалтад 78.3 сая ам. доллар, үүнээс Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 14.1 сая ам. доллар зарцуулав.

2014 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 оны нэгдүгээр улиралд борлуулалтын орлого 36.4, баяжмалын борлуулалтын хэмжээ 36.2 хувиар буурсан. Үүнд, 2014 оны дөрөвдүгээр улиралд хуримтлагдсан нөөцийг багасгаж, борлуулалт эрчимтэй хийсэн, хүдэр дэх металын агуулга багассанаар үйлдвэрлэлийн хэмжээ таамгийн дагуу буурсан, Цагаан сарын амралтаар уртасгасан хугацаагаар хил, гаалийн үйл ажиллагаа хаагдсан болон Лондонгийн Металын бирж дэх зэсийн дундаж үнэ бага байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн.

“Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Бидний хувьд аюулгүй ажиллагаа эн тэргүүнд байсаар байх бөгөөд 2015 оны нэгдүгээр улирлын аюулгүй ажиллагааны үзүүлэлт сайн байгааг дуулгахад таатай байна. Ноцтой эрсдэлийн хяналтын хөтөлбөр зэрэг чухал үйл ажиллагаандаа ахиц гаргаж, ажиллагсдынхаа аюулгүй ажиллагааг хангахад тууштай анхаарал тавин ажиллаж байна. Үүний сацуу салбарын хэмжээнд, тухайлбал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны тэргүүн туршлагаа хуваалцах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

“Энэ улирлын гүйцэтгэлээ харахад хүдэр дэх металын агуулга багассаны улмаас үйлдвэрлэлийн хэмжээ урьдчилан төсөөлсөнөөр харьцангуй буурсан ч бүтээмжийг нэмэгдүүлж, бүх талаар ахицтай ажиллаж чадлаа. 2015 оны төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид үйлдвэрлэлийн суурь зардлаа бууруулах, бүтээмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах, олон улсын зах зээл дээр өрсөлдөх байр суурь олж авахад анхаарч байна” гэсэн юм.

2015 оны нэгдүгээр улиралд баяжмал дахь металаас олсон орлого нь 2014 онд үйлдвэрлэсэн алтны агуулга өндөртэй баяжмалыг тус улиралд борлуулсны үр дүн юм. Цагаан сарын үеэр хил, гаалийн үйл ажиллагаа хаагдсан ч баяжмалын борлуулалтын хэмжээ улирлын үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан байна. Улирлын нийт ашиг 39.5 хувьтай байгаа нь 2014 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлттэй ойролцоо байна.

“Оюу толгой” компани эдийн засгийн өргөн хүрээний хөгжил, нийгмийн дэд бүтэц, байгаль орчин, соёлын өвийн хамгаалал зэрэгт чиглэсэн Хамтын ажиллагааны гэрээг Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай саяхан байгуулж, “Оюу толгой”-н орон нутгийн түншлэлийг бүрдүүлсэн юм. Хамтын ажиллагааны гэрээний дагуу “Оюу толгой” ХХК орон нутгийн төсөл, хөтөлбөрт зориулж, “Хөгжлийг дэмжих сан”-д жил бүр таван сая ам. долларын санхүүжилт хийнэ. Уг гэрээ нь “Оюу толгой”-н хувьд орон нутагтай урт хугацааны, тогтвортой харилцаа тогтоох томоохон бичиг баримт бөгөөд ирээдүйн өсөлт хөгжлийн үндэс суурь болно.

Үйл ажиллагааны хураангуй

Ил уурхайн олборлолтыг 2015 оны төлөвлөгөөний дагуу явуулж, 2015 оны хоёрдугаар улирлаас баяжуулах үйлдвэрт өндөр агуулгатай хүдэр боловсруулах төлөвтэй байна. Туркойз хилл компанийн зүгээс үйлдвэрлэлийн хувьд энэ онд 2014 оны үзүүлэлттэй ижил төстэй буюу 2015 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлийн хэмжээ харьцангуй нэмэгдэх төлөвтэй байгааг мэдэгдээд байна. Одоогийн мөрдөж буй уурхайн төлөвлөгөөнд тулгуурлавал “Оюу толгой” компани 2015 онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

2015 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн баяжмалыг 100 хувь борлуулах борлуулалтын гэрээг байгуулсан болно.

---

Хэвлэлд зориулсан тайлбар:

Туркойз хилл компанийн мэдэгдлийг бүрэн эхээр нь http://goo.gl/E0zthX холбоосоос үзнэ үү.

2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Туркойз хилл компани Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэж эхэлсэн бөгөөд доорх хүснэгтэд үзүүлсэн санхүүгийн бүх үзүүлэлтийг шинээр мөрдөж эхэлсэн СТОУС-ын дагуу гаргасан болно.

“Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд (Туркойз хилл компанийн тайлагнаснаар)

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.