Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” мэргэжлийн боловсролын салбарыг дэмжих хөтөлбөрийнхөө гурав дахь төгсөлтийг тэмдэглэлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компаниас хэрэгжүүлж буй мэргэжлийн боловсролын багш, менежер, удирдлагад зориулсан сургалтын гурав дахь төгсөлт өнөөдөр боллоо. Энэ хугацаанд 1100 орчим хүн уг сургалтыг дүүргээд байна.

Энэхүү сургалт нь “Оюу толгой” компанийн дэлхийн хэмжээний ур чадвар, боловсролыг дэмжих ажлын нэг хэсэг бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хамаардаг юм. Төгсөлтийн ёслолд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, сургалтад хамрагдсан багш нар оролцлоо.

Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг төгсөгчдөд хандаж хэлэхдээ “Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэхэд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр маш их юм” гэж онцлон тэмдэглэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Аливаа улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангахад ард иргэдийнх нь хөгжил голлох үүрэгтэй байдаг. Эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай шинэ мэдлэг, ур чадварыг эзэмших нь хөгжлийн нэг суурь болдог. Иймд бид эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар бүтээлцэнэ гэж өөрсдийнхөө алсын харааг тодорхойлсон билээ. Манай компанийн хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь бидний алсын харааг ажил хэрэг болгож буйн нэг тод жишээ юм. Монгол орны ирээдүй хойч үеийг бэлдэх багш нарыг дэмжин ажиллаж, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна” гэв.

Хөтөлбөрийн гол зорилго нь мэргэжлийн боловсрол, сургалтын багш нарыг Австралийн IV зэргийн сертификатын мэргэжлийн зэрэг авах, ур чадварт суурилсан сургалтаар чадавхийг бэхжүүлэх явдал юм. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн 92 менежер Сургалтын агуулга, хөгжлийн хөтөлбөрийн диплом, 306 багш Австралийн IV зэргийн ур чадварын зэрэгтэй болжээ. Сургагч багш нарыг бэлтгэснээр 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн дотооддоо багш нарыг бэлтгэж эхлээд байна. Ингэснээр 1100 багш сертификат авах шалгуурыг хангаад байна. Үүний зэрэгцээ 90 багш, 30 удирдах ажилтан Австралийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тэргүүн туршлагаас нь суралцах аялалд хамрагдлаа.

Боловсрол, сургалт нь “Оюу толгой” компанийн тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд дэлхийн түвшний ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх ажлын чухал хэсэг юм. “Оюу толгой” компани 2010 оноос хойш боловсрол, сургалтын хөтөлбөрт 87 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.