Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Ханбогдын иргэд “Ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдлаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжсэн “Ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёр дахь жилийн төгсөлт өнөөдөр тус суманд боллоо. Энэ жилийн хөтөлбөрт амжилттай хамрагдсан нутгийн 23 иргэн Австралийн мэргэжил, ур чадварын стандартын гэрчилгээгээ гардан авлаа.

Уг хөтөлбөрөөр хүмүүст ажил хөдөлмөрт бэлтгэх суурь ур чадварууд эзэмшүүлсэн бөгөөд 18 долоо хоног үргэлжилсэн тус сургалт Ханбогд сум дахь Техникийн сургалтын төвд эхлэн, онол, дадлага, ажлын байр дахь дадлага гэсэн хосолсон хэлбэрээр явагджээ. Мөн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс Оюу толгой уурхайд дадлага хийсэн байна.

Австралийн мэргэжил, ур чадварын стандартын гэрчилгээ хүлээн авсан Ханбогд сумын иргэн Г.Төгс-Оюун “Манай суманд сурах хүсэлтэй залуучууд олон байдаг. Тиймээс маш хэрэгтэй, өгөөжтэй сургалт боллоо. Энэ сургалт ажилд орох боломж бүрдүүлж, нэг шатаар ахиулж өглөө. Онолын сургалтаас гадна Оюу толгой уурхайд дадлага хийж, аюулгүй ажиллагааны талаар их зүйлийг сурсан” хэмээн ярилаа.

Дашрамд дурьдахад, “Оюу толгой” компани Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд 4 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээгээр “Оюу толгой” компани орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх юм. Мөн “Оюу толгой” компани 2015 оны нэгдүгээр улиралд Өмнөговь аймгийн боловсрол, сургалтын хөтөлбөрт 744.000 ам.доллар зарцуулжээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.