Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу Толгой баяжмалаа экспортолж эхэлсний хоёр жилийн ой тохиолоо


“Оюу толгой” ХХК бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортлох анхны тээвэрлэлтээ хийсний хоёр жилийн ойгоо өнөөдөр ёслон тэмдэглэлээ. Зэсийн баяжмал ачсан анхны цуваа 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Оюу толгойгоос хөдөлж байсан юм.

Далд уурхайн гол байгууламжуудын нэг болох 1 дүгээр босоо амны цамхагийн барилгад болсон уг ёслол дээр тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Оюу толгой бизнест дөнгөж хөл тавьж буй компаниас дэлхийд өрсөлдөхүйц, хурдацтай хөгжиж буй Монгол компани болгон төлөвшиж, дотооддоо төдийгүй олон улсад үлгэр дуурайл болж байна” хэмээн ажиллагсдад хандан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрээр “Харилцан итгэлцэл, хүндэтгэлд суурилсан Өмнөговь аймаг, бусад сумууд болон компанийн харилцаа өмнө байгаагүй бат бэх түвшинд хүрлээ. Бид хамтдаа урт хугацааны, тогтвортой хөгжилд хүргэх хамтын ажиллагааны үндсийг тавьж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.

“Энэ бүхний зэрэгцээ дэлхийн зах зээлд өөрчлөлтүүд гарч, бидний ажиллаж буй уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл нэлээд бэрхшээлтэй тулгараад байна. Иймээс бид бизнесийн гол анхаарлаа бэлэн мөнгөний урсгалд хандуулж, зардлаа бууруулах, үр өгөөжийг боломжит дээд түвшинд хүргэхэд анхаарч байна.

“Бидний туулах зам урт, саад бартаа ихтэй байх болно. Гэвч энэ замд боломжууд дүүрэн бий гэдгийг мөн санах хэрэгтэй. Хүн бол манай компанийн хамгийн том баялаг. Бие биенийхээ төлөө санаа тавин анхаарч, нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллавал бид өөрсдийн зорилгодоо хүрч, амласнаа биелүүлж чадна.

“Би Оюу толгой хэмээх гэр бүл, бидний түншүүд та бүхний хамтаар энэ аялалд гарах гэж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн тэрээр нэмж хэллээ.

Ёслолын үеэр “Оюу толгой” компанийн Далд уурхайн арчилгаа, засвар үйлчилгээний багт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд далд уурхайн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийж, төслийг аюул осолгүй, амжилттай дахин эхлүүлэх нөхцөлийг хангаж ажилласан явдалд талархан өргөмжлөл хүртээлээ.

Компанийн гол үйл явдлууд:

  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж, Рио Тинто группийн хэмжээнд энэ үзүүлэлтээр тэргүүлж байна.
  • 2015 оны 3 дугаар сард экспортод гаргасан баяжмалын хэмжээ нэг сая тонн болов.
  • Энэхүү амжилтад манай 800 гаруй ханган нийлүүлэгч компанийн нөр их хөдөлмөр шингэсэн. Бид дотоодын компаниудад нийт худалдан авалтын 80 гаруй хувийг 2014 онд зарцуулсан. Эдгээр ханган нийлүүлэгч компаниудад 35.000 гаруй хүн ажиллаж байна.
  • Оюу толгой ижил төстэй уурхайнууд дотроос усны хэрэглээгээр хамгийн бага буюууурхайн усны дундаж хэрэглээний тал хувийг ашиглаж, усны дахин ашиглалт 80-аас дээш хувьтай байна. Дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчнийг бэлдэх ажилд ахиц дэвшил гарсаар байна. 2015 оны 4 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлээр олон улсын тэргүүн туршлагаа хуваалцаж ажиллахаар болсны зэрэгцээ энэ оны 7 дугаар сард Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барилгын салбар дахь дотоодын аж ахуйн нэгжүүдэд аюулгүй ажиллагааны чиглэлээр олон улсын тэргүүн туршлагаа хүргэлээ.

Нийгмийн хариуцлага:

  • 2010 оноос хойш Оюу толгой 35 сая орчим ам.долларыг нийгмийн хөрөнгө оруулалтад зарцуулсны дотор орон нутгийн төслүүдэд 19 сая ам.доллар ногдож байна.
  • Ханбогд суманд анхаарлаа түлхүү хандуулан ажиллаж, Иргэдийн хөгжлийн төвийг нээн ажиллуулснаар орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжиж буйн зэрэгцээ НҮБ-ын Хүн амын сантай хамтран Залуучуудын хөгжлийн төвийг өнөөдөр нээлээ.
  • “Оюу толгой” компани Өмнөговь аймаг, холбогдох сумуудтай Хамтын ажиллагааны гэрээг хэдхэн сарын өмнө байгуулж, урт хугацааны хамтын ажиллагааны бат бэх үндсийг бүрдүүлсэн.

Эндрью Вүдлэйн хэлсэн үгийн бүрэн эхийг эндээс үзээрэй.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.