Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2015 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

Оюу толгой” компани 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болсон хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Онцлох зүйлс:

  • “Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагаа 2015 оны нэгдүгээр хагаст өндөр сайн үзүүлэлттэй буюу ажилласан 200 мянган цаг тутам дахь бүх гэмтэл бэртлийн давтамж 0.22 байв.
  • “Оюу толгой” компани 2015 оны хоёрдугаар улиралд 189,800 тонн баяжмал борлуулж, 421.3 сая ам.долларын нийт орлого олсон бөгөөд баяжмалын борлуулалт нь 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулбал 1.2 хувиар буурсан байна. Энэ нь алтны үнэ буурсантай холбоотой бөгөөд үүнийг баяжмал борлуулалтын өссөн үзүүлэлтээр хэсэгчлэн нөхөв.
  • 2015 оны хоёрдугаар улирлын баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ 2015 оны нэгдүгээр улирлынхаас 64.6 хувиар өссөн нь баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл 20.1 хувиар нэмэгдэж, хүдрийн агуулга өндөр байсантай холбоотой.
  • 2015 оны хоёрдугаар улиралд “Оюу толгой” компанийн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэв.
  • 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулбал 2015 оны хоёрдугаар улиралд баяжмал дахь зэсийн агуулга 64.6 хувиар, алтны агуулга 176.7 хувиар тус тус өссөн байна.
  • 2015 оны хоёрдугаар улирлаас “Оюу толгой” өндөр агуулгатай хүдэр олборлож эхэлсэн бөгөөд оны хоёрдугаар хагаст өндөр агуулгатай хүдэр олборлож, баяжуулсан хэвээр байх төлөвтэй.
  • Туркойз хилл ресурс компани 2015 онд Оюу толгойгоос 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.
  • “Оюу толгой” компани 7 дугаар сарын 9-ний өдөр баяжмалаа экспортлож эхэлсний хоёр жилийн ойг тэмдэглэв.

“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд уурхайн удирдлагын зүгээс аливаа эрсдэл, гэмтэл бэртлийг бууруулах арга хэмжээг авсаар байх болно. “Оюу толгой” компанийн хувьд 2015 оны нэгдүгээр хагаст ажилласан 200 мянган цаг тутам дахь бүх гэмтэл бэртлийн давтамж 0.22 гэсэн аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллав.

2015 оны хоёрдугаар улирлын орлогын хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 1.2 хувиар буурсан байна. Орлогын хэмжээ бага байсан нь алтны үнэ буурсантай холбоотой бөгөөд үүнийг зэс, алтны баяжмалын борлуулалт өндөр байснаар хэсэгчлэн нөхөв. 2015 оны хоёрдугаар улиралд баяжмал дахь металлаас олсон орлого нь 2015 оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэсэн алтны агуулга багатай баяжмалыг тус улиралд борлуулсны үр дүн юм. “Оюу толгой” компани үйл ажиллагаагаа илүү оновчтой болгож, нийт борлуулалтын хэмжээ өсч, зардлын хэмнэлт сайн хийснээр улирлын нийт ашиг 2015 оны нэгдүгээр улиралд 39.5 хувь байснаас өсч 46.4 хувьд хүрч, алтны борлуулалт бага байсан нөлөөг буурууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Бид 2015 оны хоёрдугаар улиралд компанийн амжилтын гол хэмжигдэхүүн болох аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлттэй ажиллаж, хамгийн өндөр үйлдвэрлэлийн хэмжээнд хүрлээ. Гэхдээ олон улсын зах зээлийн нөхцөл хүнд хэвээр учир зардлаа багасгаж, бүтээмжээ сайжруулахад анхаарч, үйл ажиллагааны хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байхын төлөө үргэлжлүүлэн ажиллах шаардлагатайг илтгэж байна. Ингэснээр компанийн хувьд онцгой ач холбогдолтой, өргөн цар хүрээг хамрах далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай үргэлжлүүлэхэд нөхцлийг бүрдүүлнэ” гэв.

2015 оны хоёрдугаар улирлаас “Оюу толгой” өндөр агуулгатай хүдэр олборлож эхэлсэн. 2015 оны хоёрдугаар улиралд баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн бөгөөд 2015 оны нэгдүгээр улирлынхтай харьцуулбал 64.6 хувиар өсчээ. Энэ нь баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл 20.1 хувиар нэмэгдэж, хүдрийн агуулга өндөр болсонтой холбоотой. Түүнчлэн 2015 оны хоёрдугаар улиралд баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэв. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулбал баяжмал дахь зэсийн агуулга 64.6 хувиар, алтны агуулга 176.7 хувиар тус тус өссөн байна.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх дараагийн алхмууд нь далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлуулах, мөн ойролцоогоор 4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийг эцэслэх ажлууд болно.

Туркойз хилл компанийн хувьд 2015 оны эцэс гэхэд төслийн санхүүжилт батлагдана гэсэн хүлээлттэй байна. 2015 оны техник эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 3 дугаар сард Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн бөгөөд хуваарь шинэчлэх болон далд уурхайн төлөвлөгөөнд нийцүүлэх ажлаас бусад талаар зөвлөл урьдчилсан байдлаар хүлээн авсан. Энэхүү тодотголыг 2015 оны 9 дүгээр сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ.

Туркойз хилл, Рио Тинто, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс төслийг эцсийн байдлаар тус тус батлахаас өмнө хөрөнгө оруулалтын тооцоог бусад бэлтгэл ажлын хамт гүйцэтгэнэ. Эдгээр ажил болон бусад нарийвчилсан инженерингийн ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй зураг төсөл, хангамж, барилга угсралтын менежментийн гүйцэтгэгч компанитай холбогдон ажиллаж байгаа болно.

2013 оны 8 дугаар сарын зогсолтоос өмнөх далд уурхайн бүтээн байгуулалт

2013 оны 8 дугаар сард далд уурхайн үйл ажиллагаа зогсохоос өмнө Хойд Хюго дахь далд уурхайн хэвтээ малталтын нэвтрэлт 1-р босоо амнаас ойролцоогоор 16 километрт хүрээд байсан. Үндсэн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн эхэн үед ашиглах 2-р босоо ам нь газрын гадаргаас 1,168 метрийн гүнд нэвтэрсэн байсан ба энэ нь нийт 1,284 метрийн гүнд хүрэх ёстойгоос 91 хувийн гүйцэтгэлтэй байв. Хоёрдугаар босоо амын 96 метр өндөртэй бетон цамхагийг барьж байгуулсан. Тавдугаар босоо ам буюу агааржуулалтын зориулалтаар ашиглах босоо амны нэвтрэлт 208 метрийн гүнд хүрч нийт 1,174 метрийн нэвтрэлтийн 17 хувийг хийж гүйцэтгэсэн байсан. Үйлдвэрлэлийн өмнөх бүтээн байгуулалт, барилга угсралтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор оффис, уурхайн хатаалга, засвар үйлчилгээний цех зэрэг газар дээрх барилга байгууламжуудыг барьж байгуулсан.

Нэгдүгээр босоо амны барилга байгууламж, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний ажлуудыг үргэлжлүүлэн хийсээр байгаа. Мөн чулуулгийн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дахин эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.

Үйл ажиллагааны хураангуй

2015 оны долдугаар сард Оюу толгойн баяжуулах үйлдвэр зогсолт хийж, төлөвлөгөөт засвар үйлчилгээг амжилттай гүйцэтгэв. Хэрэгжүүлсэн сайжруулалтын төслүүд урьдчилсан үнэлгээгээр эерэг үзүүлэлттэй гарсан.

2015 оны хоёрдугаар хагас эхлэхэд өндөр агуулгатай хүдэр үйлдвэрлэсэн хэвээр байх төлөвтэй байна. Оюу толгой төслийн металлын тэр дундаа алтны үйлдвэрлэл нь өндөр агуулгатай хэсгээс боловсруулсан хүдрийн хэмжээнээс ихээхэн хамаардаг. Жилийн хоёрдугаар хагаст зэсийн үйлдвэрлэл эхний хагастай харьцуулбал илүү өндөр байх төлөвтэй, харин алтны үйлдвэрлэл багасах нь 2015 оны гуравдугаар улиралд агуулга буурч эхлэхтэй холбоотой. Туркойз хилл компани нь “Оюу толгой” компанийг 2015 онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.

“Оюу толгой” компанийн 2015 онд төлөвлөсөн баяжмалын үйлдвэрлэлийн 100 хувьд борлуулалтын гэрээ байгуулсан байна.

Хэвлэлд зориулсан тайлбар:

  • “Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд* (Туркойз хилл компанийн тайлагнаснаар)

* 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Туркойз хилл компани Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэж эхэлсэн бөгөөд доорх хүснэгтэд үзүүлсэн санхүүгийн бүх үзүүлэлтийг шинээр мөрдөж эхэлсэн СТОУС-ын дагуу гаргасан болно.

** Үйл ажиллагааны бэлэн мөнгөн зардал зэрэг үзүүлэлтүүдийг санхүүгийн тайланд нийцүүлэхдээ Туркойз хилл ресурс компанийн хэвлэлийн мэдээн дэхь Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд хамаардаггүй хэмжүүрүүдийг ашиглана уу.

Туркойз хилл компанийн мэдэгдлийг бүрэн эхээр нь http://goo.gl/1sRBYu холбоосоос үзнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.