Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

- Тэтгэлэгт хамрагдсан нийт оюутны тоо 292 боллоо -
-10 жилийн хугацаанд 600 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна -


“Оюу толгой” ХХК-иас Өмнөговь аймагт хэрэгжүүлдэг “Говийн тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол лхагва гаригт болов. Энэ жил тус хөтөлбөрт Өмнөговь аймагт нэн хэрэгцээтэй мэргэжлээр сурч буй 20 оюутан шалгарчээ.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх ёслолыг нээж хэлэхдээ “Манай компани алсын хараагаа эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх гэж тодорхойлсон байдаг. Арав дахь жилдээ хэрэгжиж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр бидний алсын харааг ажил хэрэг болгож буй тод жишээ юм. Та бүхэн суралцаж буй чиглэлээрээ чадварлаг мэргэжилтнүүд болон төгсөж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Тэтгэлэгт шалгарсан АУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн төгсөх ангийн оюутан Б.Даваажаргал сэтгэгдлээ хэлэхдээ “Миний оюуныг үнэлж, оюунд минь хөрөнгө оруулалт хийж байгаа “Оюу толгой” компанийнхандаа халуун талархлаа илэрхийлж, ажлын их амжилт хүсье. Ирэх онд сургуулиа төгсөөд орон нутагтаа очиж ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсох болно” гэлээ.

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилгоор тус аймагт нэн шаардлагатай мэргэжлээр сурч буй чадварлаг оюутан залуусын боловсролыг дэмжих, төгсөөд орон нутагтаа ирж ажиллах нөхцөлтэй “Говийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2005 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын сургалтын төлбөрийг “Оюу толгой” компани бүрэн дааж, тус компаниас хэрэгжүүлдэг хөгжлийн сургалтуудад хамрагдах, мэргэжил нь таарсан тохиолдолд дадлага хийх боломжоор хангадаг юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн 292 оюутан энэ хөтөлбөрт хамрагдаж, тэдэнд 600 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.