Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

.

  • Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 км урттай.
  • Хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд барьсан бөгөөд 2012 оны 7 дугаар сараас ашиглаж эхэлсэн.
  • Шугам нь 2x300МВт-ын хүчин чадалтай.
  • Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ.
  • Өмнийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдож, ашиг тусыг нь хүртэх боломж нээгдэж байна.
  • Монгол Улс, БНХАУ-ыг холбосон уг шугам Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

“Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол Улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Засгийн газрын албаны хүмүүс болон Рио Тинто группийн Монгол дахь суурин төлөөлөгч С.Мөнхсүх, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар оролцсон юм.

Энэ үеэр “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган “Бид Монгол Улсын Засгийн газарт өндөр чанартай дэд бүтцийн байгууламжийг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйдаа баяртай байна. Нөгөөтэйгүүр өнөөдрийн үйл явдал нь үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх компанийн стратеги бодитоор хэрэгжиж буйн нотолгоо болж байна. Цахилгаан дамжуулах агаарын шугам нь зөвхөн Оюу толгой төдийгүй, бүс нутгийн хөгжлийн хурдасгуур юм” хэмээн хэллээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал өдөр тохиож байна. Уг шугамыг шилжүүлэн авснаар манай улсын эрчим хүчний сүлжээ найдвартай, өндөр чанартай дэд бүтцээр хөрш хоёр орны эрчим хүчний сүлжээнд холбогдож, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын сацуу урт хугацаанд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

“Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний дагуу бид “Оюу толгой” компанитай хамтран Өмнийн говийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай сүлжээнд холбох стратеги бодит ажил хэрэг болох нөхцөл бүрдэж байна” гэлээ.

Оюу толгой уурхайн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор дээрх шугамыг 2011 онд барьж байгуулсан. Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээгээр цахилгаан дамжуулах агаарын шугамыг Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүллээ. Үүнээс өмнө 2014 онд Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” компани “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, өмнөд бүсэд эрчим хүчний нийлүүлэлтийг бий болгох, Монголын эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.