Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани МБЗ-ийн “Оны шилдэг компани” боллоо

Монгол Улс, Улаанбаатар хот,


Монголын бизнесийн зөвлөл (МБЗ)-өөс “Оюу толгой” компанийг 2015 оны “Шилдэг компани”-аар нэрлэлээ. МБЗ нь Монгол Улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой бөгөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагч гишүүдийнхээ төлөөлөл болон ажилладаг бизнесийн салбарын тэргүүлэгч байгууллага юм.

МБЗ-ийн Гүйцэтгэх захирал Жим Двайер “Зөвлөлийн ууган, тулхтай гишүүдийн нэг “Оюу толгой” компани 2015 оны шилдэг компаниар шалгарсанд баяртай байна. “Оюу толгой” компани энэ онд гүний уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Оюу толгой төсөл одоо ч, ирээдүйд ч Монгол Улсын хөгжлийн нэг гол хэмжигдэхүүн байна гэдэгт итгэдэг” гэлээ.

Шагнал хүлээж авахдаа ‘’Оюу толгой’’ ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Би Оюу толгой компанийн 5,825 ажиллагсдын өмнөөс энэ хүндтэй шагналыг гардан авч буйдаа баяртай байна. Дэлхийд тэргүүлэгч Монголын компанийг бүтээн байгуулж байгаа манай ажиллагсдын хичээл зүтгэл, нөр их ажлыг энэ шагнал бататгалаа. Бидний өнөөдрийн хүрсэн амжилт болон дараагийн шатны өсөлт хөгжилтийн чадамжийг үнэлсэн Монголын бизнесийн зөвлөлд талархаж байна” хэмээн хэллээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.