Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани Mанлай суманд спортын ордон барьж, хүлээлгэн өглөө

Монгол Улс, Өмнөговь аймаг,

Өмнөговь аймгийн Манлай суманд спортын ордон нээх ёслол 2 дугаар сарын 26-нд боллоо. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ ордон Манлай сумын иргэд, хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон, идэвхтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлж, бүсийн хэмжээний тэмцээн хүлээн авах боломжтой боллоо.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Оюу толгой компани Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг. Орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол зэрэг олон чиглэлд “Оюу толгой” хөрөнгө оруулсаар ирсэн. Ингэснээр байгалийн баялгийн үр шимийг хүний хөгжилд хөрөнгө оруулах бодит нөхцөл бүрдэнэ. Энэхүү спортын ордон нь бидний урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааны нэг биелэл юм” хэмээн хэллээ.

Спортын ордон 200 хүний хүчин чадалтай, цэвэр, бохир усны шугамд холбогдсон байна. Мөн спорт, соёлын төрөл бүрийн арга хэмжээ явуулах, бэлтгэл сургууль хийх заал, хүлээн авах танхим, сургалт, фитнес, эмч, дасгалжуулагч, шүршүүр, ариун цэврийн болон хувцас солих тусгай өрөөтэй бөгөөд орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоногложээ. “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 2013 онд үүний адил спортын ордон барьж, хүлээлгэн өгчээ.

Манлай сумын спортын ордонг үндэсний компани болох “Эн Би Ай Кэй” ХХК өндөр чанартайгаар барьж хугацаанд нь хүлээлгэн өглөө. “Эн Би Ай Кэй” компани нь энэ төсөл дээр аюулгүй ажиллагааны өндөр стандарт баримтлан ажиллаж, Оюу толгойн нийт ханган нийлүүлэгчдэд тавигддаг шаардлагыг биелүүлсэн. Түүнчлэн энэ төсөл дээр ажилласнаар аюулгүй ажиллагаа, төслийн удирдлагын тал дээр Оюу толгой компанийн багаас олон зүйлийг суралцаж, дараа дараагийн ажлууд дээрээ амжилттай хэрэгжүүлэх боломжтой болсон нь энэ төслийн бас нэг үр дүн байлаа. Нийтдээ нэг зуун мянган хүн/цаг ажиллахдаа нэг ч бэртэл гэмтэл гаргаагүй байна.

“Оюу толгой” компани Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд томоохон дэд бүтцүүд байгуулж, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулж байна. Өнгөрсөн 2015 онд орон нутгийн тогтвортой хөгжилд зориулан 6.8 сая ам.доллар зарцуулсан юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.