Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

ЕБС-ийн 60 сурагч “Оюу толгой” компанийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагч “Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдан, гурван сарын хугацаанд манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжийн сургалтад оролцож амжилттай төгслөө.

Даваа гаригт төгсөлтийн ёслол болж эдгээр сурагчдын зарим шилдэгт нь их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгов.

“Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Майкл Гавин төгсөлтийн ёслолын үеэр хэлэхдээ “Залуусын хөгжлийн хөтөлбөр нь манай компани алсын хараагаа амьдралд хэрэгжүүлж буйн тод илрэл юм. Бид энэхүү хөтөлбөрөөр дамжуулан эрдэс баялгаас үнэт зүйлс, эрдэм мэдлэг, ур чадварыг бүтээж залуу үед өвлүүлэн үлдээж байна. Сурагчдад бололцоогоо дайчлан, шинэ зүйл сурч мэдэх үйлсэд нь хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэж онцолсон юм.

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн сурагч Г.Энхзаяа “Хөтөлбөрт хамрагдсанаар бид багийн үнэ цэн, үйл ажиллагаа, амжилт хөгжилд гишүүн бүрийн оролцоо ямар чухал гэдгийг сайтар ойлгож авлаа. Ингэснээр сонгосон мэргэжилдээ баттай зогсоод, ирээдүйд салбар бүртээ тэргүүлэх мэргэжилтнүүд болох бат сууриа тавьж чадлаа гэж бодож байна. Тийм учраас “Оюу толгой”-н хамт олон, багш нартаа талархлаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хот дахь улсын 16, хотын захын 20, хувийн болон лицей найман сургуулиас 239 сурагч материалаа ирүүлснээс 60 сурагчийг шалгаруулан хөтөлбөрийн эхний шатны сургалтад хамруулсан байна. Сургалт 2015 оны 10-р сард эхэлж, гурван сар үргэлжилсэн бөгөөд сурагчид энэ хугацаанд манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжийн сургалтад хамрагдсан болно.

“Оюу толгой” компани ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөр нь сурагчдыг их сургуульд дэвшин суралцах ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийг AIESEC Mongolia – Залуу удирдагч, соёл солилцооны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уг нийгэмлэгийн гишүүн оюутан залуус сургалтыг хөтлөн явуулдаг нь залуус залуустаа үлгэр дуурайл болж, сургалтын үр дүнд эерэг нөлөө үзүүлдэг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.