Орон нутаг

Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, үнэлгээний хөтөлбөр

Уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бүс нутагт мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний дагуу байгаль орчны цогц хяналт, шинжилгээг хуулийн дагуу хийдэг. “Оюу толгой” компани 2003 оноос байгаль орчны цогц хяналт, шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд 2010 оноос хяналт, шинжилгээний үйл явц, үр дүнг олон нийтэд илүү нээлттэй байлгаж, харилцан итгэлцлийг бүрдүүлэх зорилгоор нутгийн иргэдтэй хамтарсан байгаль орчны хяналт, үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орон нутгийн иргэдийн оролцоотой энэхүү төсөл нь харьцангуй сайн дурын шинжтэй бөгөөд орон нутагт тулгамдаж байгаа, ирээдүйд тулгамдаж болзошгүй байгаль орчны асуудлуудаар уул уурхайн байгууллагатай илүү ажил хэрэгч байдлаар хамтран ажиллах боломжийг орон нутгийн иргэд, хөдөөгийн малчдад олгох ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга барил:

  • Харьцуулан дүгнэх боломжтой шинжлэх ухааны аргачлал бүхий арга зүй ашиглах
  • Оролцогч талууд, орон нутгийн иргэдтэй сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, орон нутгийн иргэдээс материаллаг зардал гарахгүй байх
  • Хөтөлбөрт хамрагдах малчдыг сонгох болон бусад асуудлыг орон нутгийн удирдлага, олон нийтийн төлөөлөлтэй зөвшин хэлэлцэх замаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд:

  • Хамтын оролцоотой усны түвшин хэмжилт
  • Сурагчдад түшиглэсэн усны чанарын хяналт, шинжилгээ төсөл
  • Зэрлэг амьтны хамтын оролцоотой ажиглалт, тооллого
  • Хамтын оролцоотойтоосны хяналт, шинжилгээ
  • Бэлчээрийн хамтын оролцоотой хяналт шинжилгээ болон хайлаасны гэрэл зургийн ажиглалт зэрэг үндсэн таван төсөл хэрэгжүүлж байна.

2015 оны байдлаар дээрх төслүүдэд Ханбогд сумын 74 малчин, дөрвөн сумын ерөнхий боловсролын долоон сургууль оролцож байна.