Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК Монгол ажилчдынхаа тоог нэмлээ

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Төслийн ашиглалтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монголчууд байх болно

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирсэн Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын шинэ ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, баялаг бүтээх шинэ эрин үетэйгээ золгоод багагүй хугацааг үдлээ. Энэхүү түүхэн үйлсийн түүчээ Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажил өдрөөс өдөрт эрчимжиж байна.

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт явуулж, ханган нийлүүлэх үйл ажиллагаандаа Монголын иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажилладаг билээ. Одоогийн байдлаар Оюу Толгой компанийн удирдлагын төвшинд олон монгол хүмүүс ажиллаж байгаа бөгөөд уурхайн ашиглалтын үед нийт ажилчдын 90 хувь буюу 3000 ажлын байранд монголчууд ажиллах юм.

Оюу Толгой компанид өнгөрөгч сард нийт 146 монгол ажилчин, 32 гадаадын мэргэжилтэн ажилд авсан бөгөөд энэ нь төслийн барилгын үе шат дуусч, уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа эхлэх дөхсөнийг илтгэж буй хэрэг юм. Харин энэ сард Оюу Толгойд ажиллах монгол ажилчдад зориулж, 300 гаруй шинэ ажлын байрыг зарлах гэж байна.

Оюу Толгойд ажиллах монгол ажилчдын тоо нэмэгдэж байгаа талаар Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд, “Монгол ажилчдын тоо нэмэгдэж байгаа нь төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үүрэг биелэгдэж байна гэсэн үг.Уурхайн барилгажилтын явц дуусч, олборлолт, үйлдвэрлэлийн явцад уурхайн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монголчууд байх болно. Тэр цагт монгол ажилчдын ур чадвар, мэдлэг, ажиллах арга барил гадаадын мэргэжилтнүүдээс дутахааргүй болсон байна гэдэгт итгэж байна хэмээн ярьсан юм.

Монгол улсын засгийн газраас ивээн тэтгэж зохион байгуулсан нэгэн арга хэмжээ Монгол улсад шинээр бий болж байгаа, ялангуяа уул уурхайн салбарт бий болж байгаа ажлын байрны тоо ихээр нэмэгдэж байгааг тод томруун харуулав.Оюу Толгойн сургалтын хөтөлбөрийг төгсөөд одоо Оюу Толгой компанид ажиллаж байгаа С.Энхжаргал энэ арга хэмжээн дээр үг хэлж өөрийн түүхийг хуваалцсан билээ. “ Оюу Толгой төслийн талбай болон офис дээр олон мянган хүн ажиллаж байгаа бөгөөд энд ажиллаж байгаа хүн бүрийн ард гэр бүл үр хүүхэд нь байдаг. Өөрөөр хэлбэл Оюу Толгойн ажлын байрны ашиг тусыг олон хүн хүртэж байдаг. Энэ бол миний хувьд үнэн билээ. Би Оюу Толгойд ажилласнаар ур чадвараа сайжруулж, гэр бүлийн амьжиргаагаа залгуулж, ирээдүйдээ итгэлтэй болсон билээ” гэж Энхжаргал ярив.

Оюу Толгой компаний ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд Оюу Толгой төслийг Монгол улсын түүхэнд хэрэгжиж байсан бусад бүтээн байгуулалтын төслүүдтэй харьцуулан хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрт ХХ зууны их бүтээн байгуулалт өрнөж байсан бол өнөөдөр Оюу Толгойд XXI зууны их бүтээн байгуулалт болж байна” хэмээн ярьсан юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.