Хэвлэл мэдээлэл
Мэдээ

2011 он Монгол улс болон Оюу Толгой төслийн хувьд амжилт бүтээлийн жил байв. 2012 онд амжилтаа бататган улам ахиулна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Өнгөрч буй 2011 он Оюу Толгой компанийн хувьд Монгол улсад хамгийн их татвар төлсөн, Монгол ажилчдын тоо 10,000 хүрсэн, төслийн бүтээн байгуулалтын ажил 75 хувь хүрсэн зэрэг олон аварга амжилт тогтоосон жил байв.

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Өнгөрч буй 2011 онд Өмнийн Говьд баригдаж буй алт, зэсийн Оюу Толгой уурхай Монгол Улсын түүхэнд хэрэгжиж буй хамгийн том бүтээн байгуулалтын төсөл болон хэрэгжиж олон түүхэн амжилтыг тогтоов. Оюу Толгой төсөл Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд олон үзүүлэлтүүд эерэг гарахад нөлөөлсөн бөгөөд энэ хандлага 2012 онд үргэлжилнэ.

Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын аварга амжилттай холбоотой статистикийн тоо баримтуудаас доор үзүүлэв:

  • Оюу Толгой компани Монгол Улсын томоохон татвар төлөгчдийн нэг болсон бөгөөд 2011 онд 250 тэрбум төгрөгийг татвар болон бусад хураамжийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт төлөөд байна. Оюу Толгой төсөл нь одоогоор орлого олж эхлээгүй байгааг энд дурдъя.
  • Төслийн оргил үед 10 гаруй мянган Монголчууд ажиллаж байна.
  • 2011 онд Оюу Толгой төсөл гурван их наяд төгрөгийг зарцуулсан бөгөөд энэ нь Монгол улсад Оюу Толгой төслөөс нэг жилд зарцуулж байсан хамгийн их хэмжээ юм. Энэ зарцуулсан мөнгөний ихэнхийг Монгол Улсын ханган нийлүүлэгч компаниудад зарцуулж байгаа болно.
  • Монгол Улсын түүхэнд хамгийн том мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 110 тэрбум төгрөгийн санхүүжилттэй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд 3300 гаруй Монгол залуус суралцаж байна.
  • Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр барилга болох Оюу Толгойн Дулааны төв станцын цамхаг, Монгол Улсын хэмжээнд газар доор хамгийн гүн байгууламж болох гүний уурхайн босоо ам, Монгол Улсын хэмжээнд хамгийн том байгууламж болох Оюу Толгойн Баяжуулах Үйлдвэр зэрэг барилга байгууламжууд Оюу Толгойд баригдаж, босч байна.

Оюу Толгой төслийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2011 оны гуравдугаар улирлын байдлаар жилийн 20 хувийн өсөлттэй гарсан бөгөөд энэ өсөлт бол дэлхийн эдийн засгийн хэмжээнд хамгийн өндөрт тооцогдох үзүүлэлт юм. “Чоно эдийн засаг” хэмээн нэрлэгдэж буй Монгол улс дэлхийн хэмжээнд хамгийн өндөр өсөлттэй байгаа эдийн засагтай улс болоод байна.

Оюу Толгой төсөл нь Өмнийн Говийн бүсийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Оюу Толгой компани Ханбогд сумын төвд цахилгааны шугам болон Даланзадгад хотод мэргэжлийн сургалтын төвийг барьж, спорт, соёлын цогцолбор барих санхүүжилтэнд хувь нэмэр оруулж байна. Оюу Толгой компанийн хангамжийн үйл ажиллагаанд барьж байгаа стратеги нь Монгол Улсын дотоодын компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэсэн бөгөөд 2011 онд Даланзадгад хотод Бизнесийн хөгжлийн томоохон төвийг нээгээд байна.

Одоогийн байдлаар Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажил 75 хувь бүрэн дүүрэн дуусаад байгаа бөгөөд 2012 оны 6-р сарын байдлаар эхний олборлолтыг хийж, 2013 онд эхний бүтээгдэхүүнийг борлуулахаар ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей хэлэхдээ “Өнгөрч буй 2011 он Оюу Толгой компанийн хувьд ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Монгол Улсын хувьд 2011 он бол түүхэн олон ойн жил юм. Монголчуудад ажлын байр бий болгож, сургалт явуулах, орон нутгийн аж ахуйн нэгж, компаниудад өсөн дэвжих боломжийг улам ихээр бий болгох зэргээр Оюу Толгой компани нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж байна. Ирж буй 2012 он улам их ололт амжилтын жил байхын төлөө бид ажиллах болно” гэв.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.