Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгойн Мэдээллийн Төвийн нээлт боллоо

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Төслийн талаар мэдээлэл авахыг хүссэн хүн бүрт Мэдээллийн төвийн хаалга нээлттэй

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Монголын өмнийн говьд “Зууны” хэмээх тодотголтой бүтээн байгуулалтыг өрнүүлж буй Оюу Толгой компанийн Мэдээллийн төвийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга, доктор Г.Батсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Матт Гили, Олон нийтийн мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар болон Мэдээллийн төвийн ажилтнууд, зочид оролцлоо.

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга, доктор Г.Батсүх Мэдээллийн төвийг нээж хэлсэн үгэндээ “Монгол орон даяар идэр есийн хүйтэн тачигнаж байна. Гэхдээ энэ өдрүүдэд манай хамт олон өмнийн говьд Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг өрнүүлж, 70 хувьд хүргэсэн амжилтаар буухиалж байна. Ийм цаг үед Монголдоо уул уурхайн Мэдээллийн төвийг нээж байгаа нь чухал арга хэмжээ юм. Оюу Толгойн Мэдээллийн төв Монгол орны уул уурхайн салбарын түүх, хөгжил, хэтийн ирээдүйн талаархи мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх зорилготой. Тиймээс Мэдээллийн төв оюутан залуучууд, эрдэмтэн судлаачид, мэдээлэл авах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Мэдээллийн төвийг байгуулахаар сонгож авсан газарч тохиолдлынх биш. Их, дээд сургуулиуд төвлөрсөн орчинд буюу оюутан залуучуудад ойрхон газрыг сонгосон. Оюу Толгойн Мэдээллийн төв дэлхийн хэмжээний хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ил тод байлгах, орчин үеийн технологи нэвтрүүлэх үүрэгтэй гэж хэлж болно” хэмээн онцлов. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Оюу Толгой бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хамгийн том төслүүдийн нэг. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Зөвхөн Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад өнөөдөр 18 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 11 мянга буюу 60 гаруй хувь нь монголчууд. Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи богино хугацаанд давхардсан тоогоор Оюу Толгой компани Монголын 2400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас 887 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Дурдсан хугацаанд мөн Оюу Толгой төслийн барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьд хүрлээ. Ингэснээр Оюу Толгойг ашиглах төслийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө эхлүүлэх боломж бүрдэж байна” гэлээ.

Ийнхүү Оюу Толгойн Мэдээллийн төв үүдээ нээлээ. Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь уул уурхай гэгдэж, эдийн засгийн өсөлтийн хурд энэ салбараас хамаарч байгаа үед уул уурхайн Мэдээллийн төв байгуулах нь онцгой ач холбогдолтой. Оюу Толгой компани Мэдээллийн төвийг байгуулахдаа олон нийтэд уул уурхайн талаар мэдээлэл, мэдлэг түгээх, Оюу Толгой төсөлтэй холбоотой бодит мэдээллийг шуурхай хүргэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго тавьжээ. Тодруулбал, компанийн ил тод нээлттэй байх бодлого, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх зорилгын үндсэн дээр Мэдээллийн төвийг байгуулсан байна.

Оюу Толгойн Мэдээллийн төвийн хаяг:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо (МУИС-ийн хичээлийн IV байрны хажууд)
Холбоо барих утас: 11-353366

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.