Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаа одооноос анхаарч байна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

-Мод үржүүлгийн ажилд нутгийн иргэд болон олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулж хамтран ажиллана-

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой төсөл хэрэгжиж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг нь байгаль, цаг уур, ургамлын өвөрмөц онцлогтой бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийхэд тал, хангай газрын нөхөн сэргээлтээс ихээхэн өөр байдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Цэцэг навч, мод ургамал, гол горхи бүхий тал хангай газрын нөхөн сэргээлт, говь цөлд биологийн нөхөн сэргээлт хийх хоёр нь газар тэнгэр шиг ялгаатай.

Төслийн бүтээн байгуулалтын эхэн үеэс уурхайн ашиглалт, олборлолт төдийгүй хаалт хүртэл үргэлжлэх нэгэн үйл ажиллагаа бол биологийн нөхөн сэргээлт юм. Биологийн нөхөн сэргээлтийг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд Оюу Толгой компани 2003 оноос хойш өдгөөг хүртэл туршилт, судалгааны ажлуудыг хийж ирсэн бөгөөд барилгын үе шат болон олборлолтын явцад эвдэгдэх газрын шимт хөрсийг хуулж тусад нь овоолго хийж, ашиглалтын явц дахь нөхөн сэргээлтэд ашиглах юм. Мөн говийн бүсэд дасан зохицсон нутгийн ургамлыг нөхөн сэргээлтэд ашиглахын тулд Ханбогд сумын нутагт байгаль орчны суурь судалгааг хийж, ургамлын бүлгэмдэл, тэдгээрийн онцлогийг нарийвчлан судалсан юм.

Байгаль орчны хэлтсийн судалгаа хариуцсан ахлах ажилтан С.Дорждэрэм, “Байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэхүйц, хариуцлагатай уул уурхайн олон улсын хэмжээнд дагаж мөрддөг тэргүүн туршлагыг Монголд нэвтрүүлэхийг зорьж буй Оюу Толгой төсөлд хариуцлагатай алба хашиж байгаадаа сэтгэл өндөр байна. Бид Ханбогд сумын хэмжээнд нийт 37 талбайд ургамалжилтын хяналт шинжилгээг тогтмол хийхийн сацуу Ханбогд сумын төвд таван га газрыг хамруулсан мод үржүүлгийн газрыг өнгөрсөн жил байгуулсан. Энэхүү мод үржүүлгийн газар нь зөвхөн мод сөөг бус бусад нөхөн сэргээлтэд ашиглах олон наст ургамлуудыг ургуулж, үржүүлэх, ховор ургамлуудыг тарималжуулах талбай болох бөгөөд тэдгээрийг нөхөн сэргээлтэд хэрэглэх арга зүйг нарийвчлан судалж, боловсруулах манай хэлтсийн судалгааны нэгэн лаборатори нь байх юм. Мөн уг ажлын хүрээнд одоогоор нутгийн 3 иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангаад байгаа” гэж ярилаа.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.