Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой Налайх дүүрэгт техник, технологийн жишиг сургууль байгуулна

- Энэ сургууль Монголын өнөөгийн боловсролын системд хамгийн орчин үеийн дэвшилтэт шийдэл бүхий мэргэжлийн боловсролын цогцолбор болох юм -

6000 метр квадрат талбай бүхий хичээлийн байр, 450 оюутан, 150 багш
ажиллагсадын байр, 2500 метр квадрат талбай бүхий 170 ортой дотуур
байртай иж бүрэн цогцолбор сургуулийг 2013 онд ашиглалтанд оруулна.

Монгол улс, Улаанбаатар хот -  Оюу Толгой ХХК нь Монгол Улс дахь хамгийн өргөн цар хүрээ бүхий мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын таван хотод хоёр уул уурхайн жишиг сургууль шинээр барьж, гурван мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд дадлагын болон хичээлийн байрын өргөтгөл, оюутны дотуур байр шинээр барих болон их засварын ажлуудыг гүйцэтгэж байна.

Амласнаа биелүүлж ажил хэрэг болгодог Оюу Толгой ХХК-ийнхан нийслэлийн Налайх дүүрэгт 2013 онд сүндэрлэх Техник технологийн жишиг сургуулийн макетыг дүүргийн удирдлагад өчигдөр гардуулан өглөө.

Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн Тусгай төслүүд хариуцсан орлогч захирал Оле Саверуд “Энэ сургууль нээгдсэнээр Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд том хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Учир нь уул уурхай дэлхий дахинд моодонд орж буй энэ цаг үед уул уурхайн мэргэжилтнүүд, тэднийг бэлтгэдэг багш нарыг бэлтгэх асуудал эн тэргүүнд тавигдаж байна. Яг ийм цаг үед Оюу Толгой ХХК-ийн тусгай төслөөр уул уурхайн жишиг сургууль байгуулагдаж байгаа нь Монгол Улсад оруулж буй маш том хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. Энэ сургуульд зөвхөн уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгээд зогсохгүй багш нарыг ч бэлтгэх юм” гэлээ.

Нийтдээ 6000 метр квадрат талбай бүхий хичээлийн байр, 450 оюутан, 150 багш ажиллагсадын байр, 2500 метр квадрат талбай бүхий 170 ортой дотуур байртай иж бүрэн цогцолбор сургуулийг Оюу Толгой компани барьж байгуулах юм.

Техник технологийн жишиг сургуулийг барьж байгуулснаар Налайх дүүрэгт олон тооны ажлын байр бүхий том бүтээн байгуулалт эхэлж байгаа нь энэ юм. Цогцолборын барилгын гадна дизайн нь өнгө үзэмж сайтай бөгөөд органик шийдэл, материалыг хэрэглэснээрээ Монголын архитектурыг шинэ шатанд гаргах юм. Үүнээс гадна тус сургууль нь дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн механикийн системтэй байхын зэрэгцээ оюутан сурагчдад ая тухтай сургалтын орчинг бүрдүүлсэн байхаар төлөвлөсөн байна. Мөн Монголын зураг төслийн компанийн бүтээсэн загварын дагуу монгол барилгачдын ур ухаанаар сүндэрлэнэ гэдгийг Оюу Толгой компанийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Майкл Бек онцолж байв.

Энэ үеэр Налайх дүүргийн Засаг дарга Б.Буяндэлгэрээс сэтгэгдлийг нь сонирхсон юм. Тэрбээр “Бидний өвөг дээдэс ийм их баялгийг хойч үедээ үлдээсэн болохоор бид азтай. Энэ баялгийг Монгол хүн тэгш эрхтэйгээр хүртэх учиртай. Үүнийг ёсчлон биелүүлж байгаа Оюу Толгой компанийнханд налайхчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Монгол Улсын нэрийг дэлхий дахинд таниулж буй Оюу Толгой компани болон сэтгэл зүрхээрээ тусалж дэмжиж байгаа энэ компанийн удирдлага, бүх ажилтан ажиллагсдад талархаж байгаагаа хэлье. Ийм том бүтээн байгуулалт, энэ их хөрөнгө оруулалтыг манай дүүрэгт онцолж хийж байгаад баяртай байна” гэсэн юм.


Налайх дүүргийн Засаг дарга Б.Буяндэлгэр  


Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Майкл Бек
Техник технологийн сургуулийн макетыг дүүргийн удирдлагад гардуулав.


Оюу Толгой ХХК-ийн Тусгай төслүүд хариуцсан орлогч захирал Оле Саверуд
жишиг сургуулийн макетийг гардуулах үеэр


Дүүргийн иргэд Оюу Толгой ХХК-иас Боловсролын салбарт явуулж буй бодлого,
бүтээн байгуулалтыг дэмжиж тус жишиг сургуулийн макеттай танилцлаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.