Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой ХХК 2011 оны Шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Бизнесийн хөгжил, ажлын байрны өсөлт болон шилдэг үйлчилгээг шалгаруулна

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК 2011 оны шилдэг ханган нийлүүлэгчийн шагнал гардуулах “Эрдэнийн Говь” ёслолын ажиллагааг энэ Пүрэв (1 дүгээр сарын 26) гарагт зохион байгуулахаа албан ёсоор зарлалаа. Энэхүү ёслолын ажиллагаа нь ханган нийлүүлэгч түнш байгууллагуудын гүйцэтгэж буй чухал үүрэг, хичээл зүтгэл, бизнесийн амжилтыг олон нийтийн өмнө үнэлэн, урамшуулах боломж олгох онцгой арга хэмжээ болно хэмээн бид үзэж байна.

Оюу Толгой төсөл хөгжихийн хэрээр Монголын бизнес эрхлэгчид тус төсөл дээр илүү өргөн цар хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

“Төслийг ашиглалтад оруулахад бид нийт 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд Монголын компаниудтай нягт түншлэн ажиллах эрмэлзлэлтэй байна” хэмээн Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жон Жонс хэллээ. Тэрээр мөн “Монголын ханган нийлүүлэгчдийг хөгжиж, дэвжихэд нь дэмжих бидний хүсэл эрмэлзлэл улам өргөжин бичил, жижиг, дунд болон томоохон ханган нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна” гэлээ.

Оюу Толгой Монголын компаниудын оролцоог үргэлж дэмжиж, дотоодын компаниудтай хамтран ажиллахыг урьтал болгодог бөгөөд Оюу Толгойтой хамтран ажилладаг Монголын компаниуд өсөн хөгжиж улмаар томоохон цар хүрээтэй өндөр мэдлэг туршлага шаардсан, нарийн мэргэжлийн ажлуудыг гүйцэтгэдэг болоод байна. Ханган нийлүүлэгч компаниудын гүйцэтгэж буй ажил нь Оюу Толгой төслийн амжилтын салшгүй хэсэг болохын зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлэн, мэдлэг, туршлагад суралцан, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн чадавхжуулах зэргээр Монголын ажиллах хүчийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрийг оруулж байна. Үүний тод жишээг Оюу Толгой компанитай хамтран ажилладаг дотоодын компаниудын гүйцэтгэж буй амжилттай төслүүдээс бэлхэнээ харж болно.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Өмнөговь аймагт хэрэгжиж буй дэд бүтцийн нийт 12 төслийг Монгол ажиллах хүч бүхий үндэсний компаниуд удирдан явуулж байна. Манай компанийн дотоодын ажил, бараа үйлчилгээг сонгох бодлого нь бизнесийн үүднээс хамгийн оновчтой бөгөөд Оюу Толгой компанийн зүгээс Монгол улсад хийж буй хамгийн зөв зүйтэй ажил гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

Шилдэг ханган нийлүүлэгчийн “Эрдэнийн Говь” шагналд дотоодын нийт 47 компани нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч компаниудыг үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд хийж гүйцэтгэсэн шилдэг тэргүүний үйл ажиллагаанд үндэслэн шалгаруулах юм. Ханбогд, Даланзадгад сумын шилдэг ханган нийлүүлэгчээс эхлээд Нийгэм, орон нутгийн хөгжил, Байгаль орчны тэргүүлэх удирдлага, Шинэ технологи нэвтрүүлэлт, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, Ажлын байр шинээр бий болгосон, Оюу Толгойн Шилдгийн Шилдэг Гран При гэх зэрэг нийт 20 төрөл тус бүр дээр шилдэг ханган нийлүүлэгчид тодрох болно.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.