Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ханбогд сумын иргэдийн санал бодлыг Оюу Толгой онцгой анхаарч ажиллана

 

Өнгөрсөн Баасан гарагт Ханбогд сумын соёлын төвд иргэдтэй хийсэн уулзалт үр дүнтэй болсныг Оюу Толгой компани онцлолж байна

Улаанбаатар, Монгол улс (ot.mn) Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөговь аймгийн нутагт алт зэсийн томоохон ордыг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлынхаа 70 хувийг ардаа орхиод байгаа Оюу Толгой компанийн удирдлагуудтай уулзан, төслийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа. Мөн Ерөнхийлөгч Ханбогд суманд ажиллаж, нутгийн оршин суугчидтай уулзалт хийсэн. Энэхүү уулзалт ярилцлага ихээхэн үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.

Оюу Толгой уурхай ашиглалтад орох хараахан болоогүй байгаа бөгөөд барилгын ажил эхэлсэнээс хойш дөнгөж жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Гэсэн хэдий ч Оюу Толгой төслийн зүгээс Ханбогд сумыг хөгжүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа талаар Оюу Толгой компанийн удирдлагууд Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үеэр тус сумын иргэдэд тайлбарлаж байлаа.

Ханбогд сумын харъяат 879 хүн Оюу Толгой төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд компанийн зүгээс 2009-2012 оны хооронд Ханбогд суманд хийж гүйцэтгэж байгаа, хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлуудын нийт хөрөнгө оруулалт нь 16.5 тэрбум төгрөг болж байна. Оюу Толгой компани тус суманд хоёр дизель цахилгаан станцыг тусламжаар нийлүүлсэн бөгөөд эдгээр станцын засвар үйлчилгээг хариуцаж, түлш шатахуунаар хангаж байна. Монгол Улсад маш цөөхөн сум, суурин газар ийм байдлаар үнэ төлбөргүй гэрэл, цахилгаан ашиглах боломжтой юм. Энэ ажилд нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс гадна Оюу Толгой компанийн зүгээс Ханбогд суманд дараах тусламж дэмжлэг болон үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна :

  • 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд барьж байгуулсан МСҮТ 2012 оны дөрөвдүгээр сард албан ёсоор нээлтээ хийнэ. Тус МСҮТ нь жилд 150 гаруй оюутан залуусыг сургах, байрлуулах хүчин чадалтай болно. Ханбогд дахь МСҮТ-өөр дамжуулан манай улсын ирээдүйн ажиллах хүчнийг сургаж бэлтгэснээр орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
  • Ханбогд сумын оршин суугчдын 80 гаруй хувьд хүрч үйлчилсэн шүдний кабинетыг 76 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сумын хүн эмнэлэгт байгуулж, тоноглож өгсөн.
  • Сумын дунд сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд 272 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
  • Усны нэмэлт эх үүсвэрийг хайж олоход зориулан 2010-2011 онд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Усны нэмэлт эх үүсвэрийн хайгуулыг 2012 онд хийж, шугам сүлжээг сумын төвтэй холбоно. Ингэснээр Ханбогд сумын хувьд ундны усны нөөцтэй болох юм.

Оюу Толгой компанийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан хэлэхдээ “Ханбогд сумын иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн явдалд бид талархаж байна. Оюу Толгойн ордыг 2001 онд илрүүлсэн хэдий ч төслийн барилгажилтын ажил эхлээд дөнгөж жил хагас л болж байгаа гэдгийг бид мэдэж байгаа”.

“Монгол Улс алсдаа Оюу Толгой төслийн нийт ашгийн 58 гаруй хувийг эзэмших бөгөөд уг төсөл нийт Монголын ард түмэнд, тэр дундаа Ханбогд сумын иргэдийн амьдрал ахуйд бодитой ашиг тусаа өгөх юм. Ийм учраас бид Оюу Толгойн уурхайг товлосон хугацаанд барьж дуусган, ашиглалтыг эхлүүлэхэд онцгой анхаарч байна”.

“Уурхайн ажилчид гэр бүлээрээ Ханбогд суманд тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн орчин үеийн хотыг хөгжүүлэхийг Оюу Толгой компани зорьж байна. Уурхайн ажилчид, нутгийн иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Өмнийн говийн бүс нутгийн хөгжлийн цогц бодлогыг орон нутгийн засаг захиргаа, Засгийн газартай хамтран боловсруулахыг Оюу Толгой компанийн ТУЗ дэмжиж байгаа. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Оюу Толгой ХХК, түүний хувь нийлүүлэгчид, Монгол Улсын Засгийн газар, бусад холбогдогч талуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал юм. Бид хамтдаа талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, санхүүжилтийн асуудлыг нэн даруй шийдвэрлэснээр бүс нутгийн хөгжлийн үйл явцыг түргэтгэх боломжтой болох юм”.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Оюу Толгой төсөл бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, орлого олж эхлээгүй байгаа хэдий ч зөвхөн сүүлийн 3 жилийн дотор Өмнөговь аймгийн хөгжилд зориулан 30 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа гэдгийг энд онцолмоор байна” гэлээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.