Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгойн шилдэг ханган нийлүүлэгч шагнал гардуулах 3 дахь удаагийн ёслолын ажиллагаанд 500 зочид оролцлоо

 

Оны шилдэг 20 ханган нийлүүлэгч компаниуд тодорлоо

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК-ийн 2011 оны шилдэг ханган нийлүүлэгчийн шагнал гардуулах гурав дахь удаагийн “Эрдэнийн Говь” ёслолын ажиллагаа өчигдөр буюу 1-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо “Эс Эс” клубт болж өндөрлөлөө. Оюу Толгой компанийн удирдлагууд, Засгийн газрын гишүүд, төрийн түшээд, Оюу Толгойн шилдэг ханган нийлүүлэгч шагналд нэр дэвшсэн 47 аж ахуйн нэгж болон бусад ханган нийлүүлэгчдийн төлөөллүүд, Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, олон нийтийн байгууллагууд болон орон нутгийн иргэд оролцсон энэхүү “Эрдэнийн Говь” ёслолын ажиллагаа нь Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч түнш байгууллагуудын гүйцэтгэж буй чухал үүрэг, хичээл зүтгэл, бизнесийн амжилтыг олон нийтийн өмнө үнэлэн, урамшуулсан онцлох арга хэмжээ болж чадлаа.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей шилдэг 20 ханган нийлүүлэгчээр шалгарсан компаниудад баяр хүргээд, “Оюу Толгой төслийн ханган нийлүүлэгч, хамтран ажилладаг та бүгд Оюу Толгой төсөлд зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс илүүтэйгээр уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, цаашлаад Монгол Улсын хариуцлагатай уул уурхайн хөгжлийг дэмжих, Монгол Улсын хэмжээний чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх зэргээр дэд бүтэц, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар 2011 оныг үдлээ” гэсэн юм.

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жон Жонс “Оюу Толгой төсөл өдөр бүр 10,4 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авч байна. Энэхүү худалдан авалтын ажилд Монголын 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд шууд оролцож байна. 2011 онд Оюу Толгой компани төслийн барилга бүтээн байгуулалт болон орон нутгийн хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд үндэсний болон орон нутгийн компаниуд 1.7 их наяд төгрөгийн бараа үйлчилгээг нийлүүлээд байна. Эдгээр компаниудиас ажлын амжилтаараа шалгарсан шилдэг 20 ханган нийлүүлэгч, тэдгээрийн удирдлагууд, ажилчдад Оюу Толгойн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт хүсье.” гэлээ.

Оюу Толгой компанийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Бид үндэсний компаниудынхаа оролцоог үргэлж дэмжиж, хамтран ажиллахыг урьтал болгодог. Манай компанитай хамтран ажиллаж байгаа 1000 гаруй үндэсний ханган нийлүүлэгчид өсөн хөгжиж улмаар томоохон цар хүрээтэй, өндөр мэдлэг туршлага шаардсан, нарийн мэргэжлийн ажлуудыг шуурхай, чанартай гүйцэтгэж байна. Тухайлбал, Оюу Толгой төслийн бүтээн байгуулалт болон бүсийн хөгжлийн олон амжилттай төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг орон нутгийн 200 гаруй ханган нийлүүлэгчийн оролцоотойгоор гүйцэтгэж байгаа нь орон нутгийн бизнес, эдийн засгийн чадавхи сайжирсаныг батлан харуулж байна. Мөн түүнчлэн Оюу Толгой ХХК сүүлийн 3 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд зориулан 30 гаруй тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлээд байна” гэсэн юм.

Тэрээр “Өмнөговь аймгийн малчдыг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг нь сайжруулах Оюу Толгойн зорилтыг бодит ажил болгож 2011 онд нийт 84 малчин өрхийн сүү, цагаан идээг Оюу Толгой төсөлд борлуулах гүүр болж ажилласан Ханбогд Алтан Нутаг ТББ нь Нийгэм, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулагч Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсанд тусгайлан баяр хүргэе” гэлээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.