Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Малчдын амьжиргааг дэмжигч ”Ханбогд Алтан Нутаг ТББ” шилдгээр тодорлоо

 

Тус төрийн бус байгууллага нь орон нутгийн малчдыг Оюу Толгой ХХК - д бүтээгдэхүүнээ борлуулахад нь гүүр болон ажиллаж ирлээ


Нийгэм, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулагч Шилдэг ханган нийлүүлэгч
Ханбогд Алтан Нутаг ТББ-ын Тэргүүн Б.Өнөрзаяа

Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв гарагт “Эрдэнийн Говь” шагналаа гардаж авсан билээ. Бичил жижиг бизнесээс эхлэн үндэсний томоохон ханган нийлүүлэгчид, хувь хүмүүс, олон нийтийн байгууллагуудаас хамгийн чухалд тооцогдох Нийгэм, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулагч Шилдэг ханган нийлүүлэгчийг Оюу Толгой онцолж байна.

Нийгэм, эдийн засаг, тэр дундаа нутгийн малчдын амьжиргааг дээшлүүлэхэд голлон анхаарч, бодитой өсөлтийг бий болгож чадсан Ханбогд Алтан Нутаг төрийн бус байгууллага энэхүү хүндэт шагналыг хүртлээ.

Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Өнөрзаяа хэлэхдээ “Оюу Толгой компани манай аймгийн нутагт зөвхөн уул уурхайн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, орон нутгийн иргэд, ялангуяа малчдын амьжиргааны гол үзүүлэлт болох өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж байгаад бид баяртай байдаг” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Манай төрийн бус байгууллага нь өнгөрсөн онд Оюу Толгой ХХК болон нутгийн малчдыг холбох гүүр болж ажиллалаа. Ингэхдээ нутгийн 84 малчны хотноос гар аргаар бэлтгэсэн сүү, цагаан идээгээр Оюу Толгой ХХК-ийн ажилчдыг хангахад тусламж үзүүлсэн. 2011 онд эдгээр малчид нийт 60 орчим сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн” гэлээ.

Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Ханбогд Алтан Нутаг ТББ нь Оюу Толгой ХХК-ийн малчдыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгчийн нэг чухал оролцогч тал юм. Эднийх малчдын боловсруулсан цагаан идээг борлуулахдаа дундаас нь ямар нэг ашиг хонжоо харалгүй, малчдыг хамгийн өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангаж ажилласан 2011 оны ололт амжилтаараа “Эрдэнийн Говь”-ийн шилдгээр тодорлоо” гэсэн юм.

Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд зориулж 30 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлээд байгаа бөгөөд одоогоор Ханбогд сумын харьяат 879 хүн Оюу Толгой төсөлд ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.