Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Рио Тинто компанийн Элч тамирчид Оюу Толгой ХХК-ийн ажилчидтай уулзлаа

 

2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцох манай улсын жүдо бөхийн тамирчин П.Лхамдэгд, чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран нарын замын зардал, бэлтгэлтэй холбоотой бүх зардлыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан түнш” Рио Тинто компани ивээн тэтгэхээр болсон билээ.

Рио Тинто компанийн Элч тамирчид өнгөрсөн долоо хоногт Оюу Толгой ХХК-ийн Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг дахь төслийн талбайд зочилж, компанийн ажилчидтай уулзлаа. Уулзалтын үеэр Оюу Толгой ХХК-ийн ажилчид тамирчидтай яриа өрнүүлж, хамт зургаа татуулах боломж гарсан юм. Оюу Толгой ХХК-ийн залуус хоёр тамирчинд Лондонгийн Олимпийн наадамд өндөр амжилт гаргаж, Монгол төрийнхөө далбааг Олимпийн наадмын тэнгэрт мандуулахыг ерөөсөн юм.

Тухайлбал, Орон нутгийн тогтвортой хөгжил хариуцсан ахлах ажилтан Ж.Чингис “Оюутолгойчууд бид энэ торгон мөчийг тэсч ядан хүлээж байлаа. Хийморь нь бадарсан энэ сайхан тамирчинтай уулзсандаа маш их баяртай байна. Дэлхийн энергийн төв болсон энэ сайхан нутагт ирсэн тамирчны маань хийморь сэргэж, их эрч хүчийг биедээ шингээсэн байхаа. Ямар ч байсан Олимпийн алтан медалиар энгэрээ мялааж, Оюу Толгойд дахин ирж биднийг баясгаж, хамтдаа баярлана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Харин Цэвэр усны тээвэр хариуцсан ахлах ажилтан Д.Базаррагчаа “Өнөөдөр маш сайхан байна. Би бөхөд хайртай, Г.Мандахнаранг дэмждэг. Өнөөдөр хүндэлж, хайрлаж явдаг тамирчинтайгаа уулзаж, хамтдаа зураг татуулж, гарын үсгийг нь авсандаа үнэхээр баяртай байна. Энэ арга хэмжээ сайхан болж байна. Шүтэж явдаг тамирчинтайгаа уулзана гэж бодож явсангүй ээ, маш их баярлаж байна. Манай компани сайхан арга хэмжээ зохион байгууллаа” гэлээ.

Оюу Толгой уурхайн нэгдүгээр босоо амны аюулгүй ажиллагааны сургагч С.Энхмаа “Энэ арга хэмжээ өндөр ач холбогдолтой болж байна. Ер нь тамирчин хүний хөлс гэдэг асар үнэтэй. Рио Тинто компани нүдээ олсон, цаг үеээ мэдэрсэн маш сайхан шийдвэр гаргаж, Монгол тамирчдыг ивээн тэтгэж байгаад спортод хайртай Монгол хүн бүр баярлаж байна. Өнөөдөр Олимпид Монгол орноо төлөөлөн оролцох гэж байгаа тамирчинтайгаа уулзсандаа сэтгэл догдолж байна. Ер нь хичнээн сайн тамирчин байгаад тэдэнд санхүүгийн дэмжлэг байхгүй бол амжилт гаргана гэдэг хэцүү. Монголын олон сайхан тамирчид ивээн тэтгэгчгүй, дэмжлэг дутуугаас амжилт нь дарагдаж явсан түүх олон бий. Үүнийг бид мартаагүй. Харин 2012 оны Лондонгийн Олимп монголчуудад Аварга хайрлана гэдэгт итгэж байна. Оюу Толгойчууд бид эх орноо төлөөлөх тамирчдынхаа энгэрийг мялаах медалийн төлөө гар бие оролцож байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Дашрамд дурьдахад, П.Лхамдэгд 2011 оны Монгол улсын шилдэг тамирчнаар шалгарсан бөгөөд өнгөрсөн жил Германд болсон Гран При, Нидерланд, Чех улсуудад зохиогдсон Дэлхийн цом, Улаанбаатар хотод болсон Чингис хааны Дэлхийн цомын тэмцээнүүдээс тус тус алтан медаль хүртсэн. Харин Г.Мандахнаран 2011 онд Улаанбаатар хотод зохиогдсон Олон Улсын тэмцээн, 2010 оны Азийн тоглолтоос алтан медаль хүртэж 2010 оны Монгол улсын шилдэг тамирчнаар мөн шалгарч байсан юм.

Үйл явдлын фотог энд дарж үзнэ үү.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.