Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажилладаг

- Тэдэнд зориулсан олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна -

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгагч Оюу Толгой ХХК үйл ажиллагааны хүрээндээ үйлдвэрлэгчдийг, үүн дотроо жижиг, дунд бизнесийг олон хэлбэрээр дэмжин ажилладаг. Өнөөдөр Монголын 1000 гаруй компани өдөр тутам 10.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний худалдан авалтад оролцож Оюу Толгой төслийг бүтээн байгуулж байна.

Оюу Толгой ХХК дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 'Монгол компаниудад давуу эрх олгох' хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 2011 онд үндэсний ханган нийлүүлэгч компаниудад 1.7 их наяд гаруй төгрөг зарцуулаад байна. Мөн ханган нийлүүлэгч болох болзолыг хангуулах, цаашид өсөлтөд нь туслах үүднээс бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулж, мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ Оюу Толгой ХХК нь ХАС болон ХААН банктай хамтран орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор Бичил зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 1.9 тэрбум төгрөгийн зээлийн сангаас орон нутгийн 50 гаруй жижиг, дунд бизнесийнхэн зээл авч, бизнесээ эхэлж, өргөжүүлжээ.  

Эдгээр ажлын хүрээнд 'Монголд үйлдвэрлэв-2012' үзэсгэлэн худалдааг Оюу Толгой ХХК ивээн тэтгэж оролцсон. Энэ үйл ажиллагааг ивээн тэтгэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй уулзалт зохион байгуулж Оюу Толгой ХХК-ийн 'Худалдан авах ажиллагааны бодлогын баримт бичгүүд'-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдний асуултуудад хариулт өгсөн юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчид худалдан авалтын бодлоготой танилцсан нь бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд гарч байсан бэрхшээлүүдийг шийдэхэд тус дөхөм болсон байна.

Энэ үеэр Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн захирал Д.Дэмбэрэлдорж “Оюу Толгой ХХК “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдааны мэдээллийг ивээн тэтгэж, хамтран ажилласанд талархлаа илэрхийлье. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлийг байнга дэмжин ажилладаг гэдгээ харуулж байгаа юм. Бид цаашид Оюу Толгой ХХК-тай олон чиглэлээр хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.  

Оюу Толгой ХХК-ийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр тэднийг эдийн засгийн чадавхитай болгох, үйлдвэрлэлийн хэмжээг нь нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх байр суурийг нь бэхжүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.