Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Эдийн засгийн сэтгүүлчид Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

- Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч эдийн засгийн сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө -

Монгол улс, Улаанбаатар хот - Уул уурхайн хөгжлийг дагаад Монгол улсын эдийн засагт томоохон, урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж нээгдэж байна. Уул уурхайн салбар гэхээр зөвхөн Эрдэнэт, Монголросцвемет гэх мэтээр төсөөлж байсан таван жилийн өмнө уг салбарт нийт 400 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт яригддаг байсан бол өнөөдөр Оюу Толгой, Таван Толгой, Ухаа Худаг, Овоот Толгой зэрэг стратегийн томоохон ордуудын талаар ярьж, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манай улсыг чиглэж байна.

Үүний нэг тод жишээ бол Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацааны хөрөнгө оруулалт болон хөгжиж буй Оюу Толгой төсөл юм. Оюу Толгой ХХК төслийн бүтээн байгуулалтын үе шатанд буюу үйлдвэрлэл эхлэхээс өмнө нийт 6.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.

Монголын эдийн засгийн чуулган-2012 өндөрлөсний маргааш буюу гуравдугаар сарын 7-нд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубынхан Оюу Толгой төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авлаа. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей тус клубын 20 гаруй сэтгүүлтэй уулзаж, төслөө дэлгэрэнгүй танилцуулснаас гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюу Толгой төсөл, түүний хөрөнгө оруулалтын талаар сэтгүүлчдийн асуусан олон асуултад хариулт өглөө. Монголын эдийн засгийн чуулганы дараа өдөр нь сэтгүүлчидтэй уулзсан болохоор асуултуудын олонхи нь эдийн засгийн хөгжлийн талаар хөндөж байсан юм. Эдийн засгийн сэтгүүлчдийн клубыг дэмжиж ажиллаж байгаадаа баяртай байна” гэлээ.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын зохицуулагч С.Амарсанаа “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр 2010 онд шинээр байгуулагдсан бөгөөд Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 60 гаруй сэтгүүлч гишүүнтэй. Гишүүд эдийн засгийн олон сэдвээр сургалт, семинарт хамрагдаж байгаагийн нэг нь Оюу Толгой төсөлтэй танилцаж буй уг арга хэмжээ юм. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй өөрийн биеэр уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баяртай байна” гэлээ. 

Дашрамд дурьдахад, Эдийн засгийн клубын сэтгүүлчид өнгөрсөн сард уул уурхайн геологи болон ашиглалтын талаар бүтэн өдрийн сургалтад хамрагдаж, Оюу Толгой төслийн бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцсан юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.