Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой үндэсний ханган нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг үнэлж, чадавхийг хөгжүүлэх замаар хамтран ажиллана

- Оюу Толгой компани уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийг
олон улсын түвшинд хүргэнэ-

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол улсын эдийн засгийн хөгжилд урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийж буй Оюу Толгой төсөлд үндэсний 1000 гаруй аж ахуйн нэгж, компани бараа үйлчилгээ нийлүүлж байна. Оюу Толгой компанийн худалдан авах ажиллагааны бодлого, зарчмууд гадаад, дотоодын бүх нийлүүлэгчдэд ил тод, нээлттэй байдаг.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой ханган нийлүүлэгчид эхлээд Оюу Толгой ХХК-ийн цахим хуудсанд байршуулсан “Худалдан авах ажиллагааны бодлогын баримт бичгүүд”-тэй танилцаж, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадаж байгаа эсэхээ тодорхойлох нь чухал юм.

Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчдийнхээ гэрээ хэрэгжүүлэх чадавхийг үнэлэх, дутагдлыг тодорхойлох, тэдгээрийг тусгайлсан төлөвлөгөөний дагуу арилгах, нийлүүлэгчийг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий тусгай төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ ажлын талаар Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Айван Велла “Бид ханган нийлүүлэгчдийн гэрээ хэрэгжүүлэх чадавхийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн долоон үзүүлэлтийн дагуу үнэлэх, үнэлгээний явцад илэрсэн дутагдлыг нь тусгайлсан төлөвлөгөөний дагуу арилгах зорилгоор бүх нийлүүлэгчдийн гэрээ хэрэгжүүлэх чадавхийг үнэлэх ажлыг энэ жилээс хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр ханган нийлүүлэгчид цаашид Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах боломжоо баталгаажуулж, худалдан авах ажиллагааны үүрэг хариуцлагаа сайжруулж, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, чанарын шаардлагуудыг хангаж ажиллах нөхцөл бүрдэх юм” гэлээ.

Ханган нийлүүлэгчид урьдчилсан үнэлгээнд хангалттай дүн авснаар цаашид сонгон шалгаруулалтад орох боломж бүрдэнэ. Урьдчилсан үнэлгээний үзүүлэлтэд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, санхүү, ёс зүй, чанарын удирдлага, хууль эрхзүй, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн удирдлага, үйлчилгээ ба лавлагаа зэрэг үзүүлэлтүүд ордог.

Гэрээ хэрэгжүүлэх чадавхийн үнэлгээний ажил нь үндэсний ханган нийлүүлэгчдэд Оюу Толгой төслийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад амжилттай оролцох, техникийн болон бизнесийн туршлага, ур чадвараа хөгжүүлэх боломж олгохоос гадна Монгол улсын уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зорилготой юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.