Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн гадаад ханган нийлүүлэгчид Монгол улсад хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээдэг

~ Стратегийн ач холбогдол бүхий гадаадын нийлүүлэгчидтэй Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах бодлого баримтлана ~

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК стратегийн ач холбогдол бүхий гадаадын нийлүүлэгчидтэй хамтран ажиллах бодлогын баримт бичгээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс мөрдөн ажиллаж байна. Гадаадын нийлүүлэгчдийн хувьд зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна дотоодын аж ахуйн нэгжүүдтэй үр ашигтай хамтран ажиллах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, Монгол улсад өгөх төслийн үр өгөөжийг оновчтой болгох, нэмэгдүүлэх үүрэг авчээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй томоохон гадаадын ханган нийлүүлэгчидтэй тусгайлсан үүргийг гэрээгээр хүлээлгэн, хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү гэрээнд гадаадын нийлүүлэгчид нь сургалт, тэтгэлэгт хөтөлбөр, ажиллах хүч авах, туслан гүйцэтгэгч ажиллуулах, хөрөнгө оруулалт хийх, технологи дамжуулах, хамтарсан түншлэл бий болгох зэрэг нэлээд хэдэн үүрэг хариуцлага хүлээх заалт тусгажээ. Тухайлбал, эдгээрийн нэг болох туслан гүйцэтгэгч ажиллуулах үүрэг нь иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн тухайн компани өөрийн хүсэлтээр бусад чиглэлийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж болох аж.

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Айван Велла “Оюу Толгой ХХК-ийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид гадаадын нийлүүлэгчдийн нөөц бололцоог дайчлан хамтран ажиллаж, тэдгээрийн гэрээгээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавин ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа газартай цаашид хамтран ажиллах бодлого баримтлана” хэмээн ярилаа.

Одоогийн хамтран ажиллаж байгаа гадаадын томоохон нийлүүлэгчид орон нутгийн, цаашилбал Монгол улсын хөгжилд олон чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээрийн нэг бол Амек компани юм. Амек нь инженеринг, төслийн удирдлага, эрчим хүч, боловсруулалт болон бусад чиглэлээр зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнөөдөр дэлхийн 44 оронд үйл ажиллагаа явуулж буй олон улсын томоохон компани билээ. Тус компанийн Монгол улсад оруулах нийгмийн хариуцлагын томоохон хэсэг нь оюутны хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх, орон нутгийн хөгжилд үр өгөөжөө оруулах зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд шалгарсан оюутнууд суралцах явцдаа сар бүр тэтгэлэг авах төдийгүй жил бүр сургалтын болон дадлага ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийлгэнэ. Хөтөлбөрийн туршид ур чадвар хөгжүүлэх чиглэлээр сургалтууд явуулах бөгөөд дууссаны дараа Амек компанийн үндсэн ажилтан болж, олон улсын туршлага бүхий инженерүүдтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ. Тус компани Азербайжан, Чили зэрэг орнуудын орон нутгийн хөгжилд олон чиглэлийн хөрөнгө оруулалтын ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байсан арвин туршлагатай газар юм байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.