Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Б.Сэржмаа "Оюу Толгой компани Өмнөговийн Ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгон ажилладаг"

Монголын уул уурхайн Оюу Толгой компани худалдан авах ажиллагааны бодлого, зарчмуудаа гадаад, дотоодын бүх нийлүүлэгчдэд ил тод, нээлттэй байлгадаг. Үүний зэрэгцээ гадаадын болон үндэсний, мөн Өмнөговийн ханган нийлүүлэгчдэд чиглэсэн тусгайлсан бодлогууд хэрэгжүүлж байгаа юм. Өмнөговийн ханган нийлүүлэгчдэд чиглэсэн бодлогын талаар Оюу Толгой ХХК-ийн Үндэсний Худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаагаас тодрууллаа.

Оюу Толгой компани яагаад Өмнөговийн нийлүүлэгчдэд зориулсан тусгай бодлого хэрэгжүүлдэг вэ?
Оюу Толгой ХХК Монгол улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн дотоодын нийлүүлэгчид, ялангуяа уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөговийн бүс нутгийн нийлүүлэгчдийг хөгжүүлэх, дэмжихтэй холбоотой үүргээ биелүүлэх зорилготой ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд Өмнөговийн ангилалд багтах нийлүүлэгчдэд эхний ээлжинд давуу эрх олгон, хамтран ажиллаж байгаа юм.

Ямар бодлогууд байдаг, хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
Өмнөговийн нийлүүлэгчийг дэмжих, хөгжүүлэх тухай тусгайлсан бодлого байгаа. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Бизнес хөгжлийн төв байгуулан ажиллаж байна. Энэхүү төвөөр дамжуулан аж ахуйн нэгжүүдэд бизнес хөгжлийн сургалт, зөвлөгөө үзүүлдэг. Оюу Толгой ХХК-ийн худалдан авах ажиллагаанд шаардагдах стандарт, цаашдаа орон нутагт өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай нийлүүлэгч болж хөгжихөд нь туслах зорилготой юм.

Үүнээс өөр ямар байдлаар дэмжлэг үзүүлдэг вэ. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ганцхан сургалт, зөвлөгөө хангалтгүй байх л даа.
Оюу Толгой ХХК жижиг, дунд бизнес эрхлэгч, шинэ аж ахуйн нэгжүүдийг бизнесээ өргөжүүлэхэд нь туслах, санхүүгийн эх үүсвэр олох асуудлыг нь шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бичил зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн зээлийн санг 1,5 тэрбум төгрөгөөр бүрдүүлэн ХАС, ХААН банкинд байршуулан хөнгөлөлттэй зээлийг Өмнөговийн бизнесүүдэд олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар орон нутгийн 50 гаруй жижиг, дунд бизнесийнхэн зээл авч, үйл ажиллагаагаа эхлэж, өргөжүүлэн хөгжүүлж байна.

Өмнөговийн ханган нийлүүлэгч байлаа гэхэд тендерт бусад газруудтай адил үнэлгээ авах тохиолдолд ямар давуу эрх олгох вэ?
Хэрэв өрсөлдөөнт шалгаруулалтын шаардлагыг ижил хангасан тохиолдолд Өмнөговийн нийлүүлэгчдийг үндэсний болон гадаадын нийлүүлэгчдээс илүү давуу эрх олгож сонгох бодлого баримталдаг. Мөн Өмнөговийн ханган нийлүүлэгчдэд худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогоос хамааран 5-25 хувь хүртэл үнийн урамшуулал олгохыг зөвшөөрдөг.

Өмнөговийн нийлүүлэгчид зарим тохиолдолд үнийн саналаа өөрчлөх боломж байдаг уу? Энэ бол тэдэнд олгож байгаа маш том боломж байх.
Байгаа. Хэрвээ Өмнөговийн нийлүүлэгч 100 мянган ам.доллараас дээш дүнтэй тендерт оролцож байгаа, бүтээгдэхүүн үйлчилгээ нь техникийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хэрэв үнийн санал нь бусад өрсөлдөгчдийн үнээс 10% дотор өндөр байгаа бол үнийн саналаа өөрчлөх эрхийг бид олгодог.

Ингэхэд Өмнөговийн ханган нийлүүлэгч байхын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?
Мэдээж тодорхой шалгуурууд байгаа. Тухайн нийлүүлэгч Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх ёстой бөгөөд манай компанитай гэрээлэн ажиллах тухайн компани нь эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх ёстой. Мөн тухайн нийлүүлэгчийн нийт үндсэн ажилтнуудын 75-аас дээш хувь нь Өмнөговьд амьдардаг Монгол улсын иргэд байна. Үүнээс гадна татвар төлөгч, мөн монгол төгрөгөөр гүйлгээ хийдэг байх гэх зэрэг шалгуурууд байдаг.

Энэ бодлого хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ, Өмнөговийн нийлүүлэгч болох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд мэдээллийг хаанаас олж авах вэ?
Өмнөговийн нийлүүлэгчдийг дэмжих бодлогыг бид эртнээс баримталж ирсэн бөгөөд шинэчлэгдэн боловсруулагдаж 2011 оны 12 сард Оюу Толгой компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр батлагдсан энэхүү бодлогоороо уг дэмжих үйл ажиллагааг илүү эрчимжүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн уг бодлого нь Оюу Толгой ХХК-ийн “Худалдан авах ажиллагааны бодлогын баримт бичгүүд”-ийн нэг хэсэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрвээ худалдан авах ажиллагаанд баримтлах зарчим болон холбогдох бодлогын баримт бичгүүдтэй танилцах хүсэлтэй бол www.ot.mn цахим хуудасны Ханган нийлүүлэгчид хэсэг рүү хандаж болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.