Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: С.Эрдэнэбат "Өмнөговь аймаг Оюу Толгой компанийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулна"

- Энэ гэрээ цаашид уул уурхайн компаниудад загвар, жишээ болно -

Оюу Толгой ХХК-ийн Хамтын ажиллагааны гэрээ хариуцсан зохицуулагч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

Өмнөговь аймаг Оюу Толгой ХХК-ны хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэж байгаа юм байна.  Энэ талаар ярих уу?
Уул уурхайн Оюу Толгой ХХК Өмнөговь аймаг болон Ханбогд сумын удирдлагатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран ажиллах талаар гэрээ байгуулах нь Австрали, Канад улсын уул уурхайн салбарт нэлээд түгээмэл байдаг. Энэхүү гэрээг байгуулах чиглэлээр Өмнөговь аймгийн удирдлагатай 2011 оноос идэвхитэй ажиллаж байгаа. Энэ гэрээ бол шинэлэг, бусад уул уурхайн компаниудад жишиг, туршлага болох юм. Хамтын ажиллагааны гэрээ нь компани орон нутагтай урт хугацаанд хамтран ажиллах, харилцааг зохицуулах баримт бичиг юм. Гэрээнд Өмнөговь аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудад хүрэхэд аймгийн засаг захиргаа Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллах чиглэлүүд, тэдгээр чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөө, хэрэгжүүлэх механизмыг тодруулна. 

Яагаад ийм гэрээ байгуулах болсон бэ?
Орон нутгийн оролцоог хангах, бидний үйл ажиллагаа энэ бүс нутагт үр өгөөжөө өгч байхын тулд дэлхийн хэмжээний стандартыг хангаж ажиллах үүргийг манай зүгээс хүлээсэн. Үүний тулд бүсийн ирээдүйн хөгжил, урт хугацааны харилцааны үндэс суурь, нөхцлийг тодорхойлсон эрхзүйн хэм хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжих Хамтын ажиллагааны гэрээг санаачлан аймаг болон сумын  удирдлагатай идэвхитэй ажиллаж байна. Нөгөө талаас Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ  хамтран ажиллах гэрээг байгуулах тухай заалт байдаг тул үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.  Рио Тинто компани өөрийн уурхайнууддаа орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвлөж, тодорхой удирдамжийг гаргасан байдаг. Гэрээ нь тухайн орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах гол суурь баримт бичиг болно. Уг гэрээнд талуудын хүлээх үүрэг, хариуцлага маш тодорхой тусгагдсан. Өнөөдөр Оюу Толгой компани олон ажлыг орон нутгийн хөгжилд чиглүүлэн хэрэгжүүлж байгаа. Цаашид бүс нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц олон төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн байгаа. Энэ гэрээ маань эдгээр үйл ажиллагааг  албан ёсоор баталгаажуулах юм. 

Гэрээний үр өгөөж ямар байх вэ?
Энэ гэрээ хоёр талдаа үр өгөөжтэй байх юм. Зөвхөн Өмнөговь аймгийн хувьд үр өгөөжтэй биш. Оюу Толгой ХХК-ийн хувьд төслийн үйл ажиллагаанд шаардлагатай төрийн үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд хөнгөн шуурхай авах, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа туслалцаа авах, орон нутгийн иргэд, байгууллагууд  төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар тусалж, ойлголцон хамтран ажиллана гэх мэтийн давуу талууд үүснэ.

Өмнө нь уул уурхайн компани орон нутагтай ийм байдлаар хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж байсан тохиолдол байгаа юу?
Өнөөдрийн байдлаар ийм хэмжээний цогц гэрээ Монгол улсад өмнө нь хийгдэж байсангүй. Тиймээс бусад уул уурхайн компаниудад загвар, жишээ болох гэрээ байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм учраас энэ гэрээг байгуулахын тулд өөр улсуудад байгуулж байсан гэрээнээс туршлага судлах, санаа авах зэрэг ажлууд ч хийгдэж байгаа. Бид Австрали улсад орон нутгийн гэрээний талаархи туршлага судлах аяллыг 2011 оны 11 дүгээр сард зохион байгууллаа. Үүний зэрэгцээ олон улсын туршлага судлах сургалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Энэ гэрээ байгуулагдсанаар ямар ач холбогдолтой байх юм бэ?
Олон талын ач холбогдолтой гэж хэлж болно. Нэгдүгээрт, Монгол улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлнэ, Хоёрдугаарт, Хөрөнгө оруулагч РиоТинто компанийн олон улсын стандартыг хэрэгжүүлнэ, Гуравдугаарт, орон нутагтай урт хугацааны итгэлцэл бий болж, бизнесийн орчин тогтворжих,  бизнесийн эрсдэлгүй болно, Дөрөвдүгээрт, компанийн болон орон нутгийн олон талт харилцаа нэг гольдролд орно, Тавдугаарт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, Засгийн газар, орон нутаг хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авах боломж илүү сайжирна. Бүс нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар орон нутаг болон бүсийн хөгжилд Өмнийн Говийн Бүсийн Хөгжлийн Зөвлөл, орон нутгийн оролцогч талуудтай хамтран бодитой хувь нэмэр оруулахад гэрээний зорилго орших юм. Энэхүү Хамтын ажиллагааны гэрээнд бүх талуудын оролцоо, харилцан тохиролцсоны үндсэн дээр боловсруулсан заавал биелүүлэх менежментийн цогц төлөвлөгөөнүүд багтаж байгаа. Менежментийн төлөвлөгөө нэг бүр нь амжилттай үр дүнд хүргэх механизм, хэрэгжүүлэх төлөвлөгөө, зорилт, хөгжлийн зарчим, харилцан хүлээх үүрэг хариуцлагаас бүрдэж байгаа юм. Гэрээнд мөн хамтын ёс зүй, удирдлага, зөрчил шийдвэрлэх мөн хянах, сайжруулах механизмыг тусгаж өгсөн.

Гэрээ байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ? Ямар онцлогтой байгаа вэ?
Гэрээ байгуулах ажил 3 үе шаттай. Гэрээ байгуулах тухай хэлэлцээр 2011 оны 2 сард эхэлсэн байгаа. Юуны өмнө сумдынхаа “Алсын хараа”-г тодорхойлсон.  Энэ ажилд манай төр, засгийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, иргэд оролцсон юм. Үүний дараа 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай Харилцан ойлголцох санамж бичигт аймгийн болон Ханбогд сумын Засаг дарга нар болон Оюу Толгой ХХК-ийн удирдлага гарын үсэг зурсан. Мөн аймгийн ажлын хэсэгт техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллах гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд байгууллаа. Хоёр дахь шат нь Үйл явцын  гэрээ. Одоогоор Үйл явцын гэрээний төсөл бэлэн болж, тун удахгүй талууд гарын үсэг зурах болно.  Бид гэрээний төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг өргөнөөр тусгаснаараа онцлогтой. Гэрээг энэ ондоо эцэслэхээр ажиллаж байна. Өмнө хэлсэнчлэн энэ гэрээ Монгол улсад анх удаа хийгдэж байгаа. Тиймээс бидэнд энэ талаар хуримтлуулсан туршлага байхгүй. Бас маш олон чиглэлийн зүйл заалтыг тусгах учраас өмнө нь судалгааны ажлууд хийх шаардлага гарч байгаа.

Өмнөговь аймаг Оюу Толгой ХХК-ийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээнд ямар заалтуудыг тусгах вэ?
Орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих, уул уурхайн үйлдвэрлэлийн нийгэм эдийн засгийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах, түүх соёлын өвийг хамгаалах, уламжлалт мал аж ахуйг дэмжих, говийн ус, бэлчээрийн оновчтой менежмент нэвтрүүлэх, иргэдийг мэргэшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хот байгуулалт, нийгмийн үйлчилгээ, мэдээлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг олон талын заалтууд тусгагдсан байгаа. Энэ гэрээ бол бүхэлдээ Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн олон асуудлыг хөндөж, хувь нэмрээ оруулна. 

Ц.Уртнасан: Уурхай тосгоны хамтын ажиллагаа сонирхол татсан

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Гэрээ байгуулах аймгийн  ажлын хэсгийн ахлагч Ц.Уртнасангаас туршлага судлах аяллын үр дүнгийн талаар тодрууллаа.

Туршлага судлах аялал ямар үр дүнтэй болсон бэ. Авах санаа, туршлага байсан уу?
Гэрээ байгуулах хоёр талын ажлын хэсгүүд Австрали улсад Рио Тинто компанийн уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах аяллыг өнгөрсөн жил зохион байгуулсан. Гэрээ байгуулахад орон нутгийн хувьд эргэлзээтэй байгаа нэгдсэн ойлголтод хүрээгүй, шийдвэрлэгдээгүй зүйлээ газар дээр үзэж танилцаад, нэгдсэн ойлголтод хүрэхэд танилцах аялал ихээхэн ач холбогдолтой болсон юм. Тэнд уурхайн ажилчид ойролцоох тосгонд амьдардаг, тосгоны иргэдтэй уурхайн удирдлага хамтын ажиллагааны тодорхой уламжлалт хэлбэрийг бий болгож, найрсгаар зэрэгцэн оршиж байгаа нь бидний сонирхлыг татаж байсан. Тосгоны оршин суугчдын амьдралд ахиц дэвшил гарч, тэдний хөдөө аж ахуйн бизнест уул уурхай эерэг гэхээсээ илүү хөгжлийн давуу боломж олгож байгаа нь манай орон нутгийн хувьд авах боломжтой жишээ юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.