Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбогд сумын иргэдтэй усны асуудлаар ярилцлаа

- Оюу Толгой ХХК дэлхийн хамгийн сүүлийн үеийн усны хэмнэлттэй технологи нэвтрүүлж, хэрэглэсэн усныхаа 80 хувийг дахин ашиглана -

Өмнөговь аймаг, Ханбогд сум - Өнгөрсөн лхагва гарагт Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийг хүлээн авч уулзлаа. Оюу Толгой ХХК орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байгаагийн нэг баталгаа нь сар бүр болдог энэхүү уламжлалт уулзалт юм.

Энэ удаагийн уулзалтаар Оюу Толгой ХХК-ийн мэргэжилтнүүд усны талаар баримталж байгаа бодлого, усны хэрэглээ, Гүний хоолойн усны нөөц, Ханбогд сумын бэлчээрийн усан хангамжийг хэрхэн сайжруулж байгаа талаар танилцуулж, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулав.

Оюу Толгой ХХК-ийн байгаль орчин хариуцсан, тэр дундаа усны мэргэжилтнүүд Гүний хоолойн усны нөөцийн тухай болон уг усны ордыг ашигласнаараа ард иргэд, мал амьтдын усны ундарга, хангамжид нөлөөлөл үзүүлэхгүй тухай, мөн уурхайг ашиглах 40-50 жилийн хугацаанд тус ордын нийт усны нөөцийн ердөө 20 хувийг ашиглах тухай танилцуулсан юм. Мөн Монгол Улсын усны тухай хууль, журмыг биелүүлэн ажилладаг Оюу Толгой компани дэлхийн хамгийн сүүлийн үеийн усны хэмнэлттэй технологи нэвтрүүлж, хэрэглэсэн усныхаа 80 хувийг дахин ашиглах зэрэг олон мэдээллийг өглөө.

Ханбогд сумын иргэд усны талаархи мэргэжлийн, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв, бодит мэдээллийг сонирхолтой, энгийн байдлаар ойлгомжтой өгсөнд таатай хүлээн авлаа.

Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Энэ удаагийн уулзалт усны сэдвээр өргөн хүрээнд, үр дүнтэй боллоо. Говь нутгийн чандмань эрдэнэ болсон усны асуудлаар иргэд ямар санал бодолтой явдаг, ямар мэдээлэл хэрэгтэй байгааг бид сонсож мэдлээ. Сар бүрийн энэхүү уулзалт нь бидний зүгээс иргэдийг сонсч, асуудлыг шийдвэрлэх, нөгөө талаас Ханбогд сумын иргэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамтын ажиллагааг сайжруулах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Ханбогд сумын ард иргэдтэй хийх уламжлалт уулзалт ирэх дөрөвдүгээр сард болох бөгөөд орон нутгийн ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлт болон ханган нийлүүлэх үйл ажиллагааны талаар ярилцах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.