Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: Галбын говийн гавьяат малчин

 


Монгол улсын гавьяат малчин Д.Хүүхэн

Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Монгол улсдаа төдийгүй дэлхийд хоёр бөхтэй тэмээгээрээ алдартай нутаг. Өнөөдөр Монголын нийт тэмээний 30 хувь нь Өмнөговь аймагт байна. Тэмээ бол говийн байгаль, цаг агаартаа зохицсон, говийнхоо чимэг болсон мал. Өмнийн шаргал говьд тэмээн сүргээ өсгөн үржүүлж байгаа олон зуун малчны нэг бол Ханбогд сумын тэмээчин Д.Хүүхэн юм.

Тэрээр 1959 оноос хойш 53 жилийн турш тэмээ голлон маллаж ирсэн бөгөөд галбын говийн улаан тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удам угсааг сайжруулахад хувь нэмрээ оруулан, зон олондаа ажилсаг, малч хөдөлмөрч чанараараа үлгэж жишээ болсон хүн. Энэ хөдөлмөр зүтгэлийнхээ үрээр аймгийн гурван удаагийн аварга, мөнгөн буурын эзэн зэрэг шагнал урамшуулал хүртэн, 1992, 1993, 1994 онуудад улсын хамгийн олон тэмээтнээр шалгарч, луу жилийн босгон дээр Монгол улсын гавьяат малчин болжээ. Д.Хүүхэн 20 орчим айлыг тэмээн сүргээр малжуулж, мал маллах арга ухаанаа өвлүүлэн, уламжлуулж байгаа юм.

Оюу Толгой ХХК Ханбогд сумын нүүдлийн мал аж ахуй, тэр дундаа галбын говийн улаан тэмээн сүргийг өсгөн бойжуулж байгаа малчдыг дэмжих чиглэлээр олон ажлууд хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд “Бэлчээрийн менежментийн төсөл”-ийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд малчид зохион байгуулалтад орж, бүлэг болон хоршин ажиллаж, бэлчээр, усныхаа асуудлыг хамтдаа шийдэх боломж бүрджээ. Энэ ажлуудад ч тэмээчин Д.Хүүхэн гуай малчдын бэлчээр ашиглалтын хэсгээ үлгэрлэн оролцон, өөрийн үнэтэй зөвлөгөөг харамгүй өгч байдаг юм.

Говьд ус хамгийн чухал. Тиймээс малчид хамтын хүчээр гар худгаа сэргээн засварлаж, бэлчээрээ ашиглахын зэрэгцээ бизнес эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Тэмээчин Д.Хүүхэн гуай “Гар худгуудаа засаж, сайжруулсан нь маш хэрэгтэй ажил боллоо. Ийм ажил сүүлийн жилүүдэд бараг хийгдээгүй. Манай Баян багийн Харгана худаг гэхэд л 1970-аад онд дарагдсан байсан. Бид нар хэлэлцэж саналаа гаргаад өнгөрсөн жил сэргээж өглөө. Энэ худгийн усыг тосон хужиртай гэж нутгийн хөгшид ярьдаг байсан. Цаашид бороо, цасны ус хуримтлуулах хөв байгуулвал говь нутагт маш их хэрэгтэй байгаа юм” хэмээн санал, бодлоо хэлж байсан.

Тэмээн сүргээрээ алдартай энэ нутагт дэлхийн хамгийн томд тооцогдох зэс, алтны Оюу Толгой уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэхүү төслийн гол хөрөнгө оруулагч болох Рио Тинто компани нь нутгийн иргэдийн зан заншил, ахуй амьдрал, соёлын өвийг хайрлан хамгаалахад онцгойлон анхаардаг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.