Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Марк Ньюби "Оюу Толгой компани байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, хамгаалах бодлого баримтлан ажиллаж байна"

-Барилгын ажлын дараа техникийн хөлөөр эвдэрсэн уурхайн эдэлбэр газрыг бүрэн нөхөн сэргээнэ-

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны усны асуудал хариуцсан ахлах зөвлөх Марк Ньюбитэй ярилцлаа.

Оюу Толгой ХХК байгаль орчны талаар ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ. Энэ ажлаа хэрхэн гүйцэтгэж байна вэ?
Оюу Толгой ХХК уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаагаа үр дүнд суурилуулан тогтмол сайжруулж, хариуцлагатай хандах бодлого баримтлан ажилладаг. Явуулж байгаа арга хэмжээнээс өмнө байгаль орчны хэлтсийн бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулах хэрэгтэй байх. Тус хэлтэс 2003 оноос хойш төслийн байгаль орчны асуудлыг хариуцан хяналт, шинжилгээний хөтөлбөрийг гүйцэтгэж ирлээ. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж уурхайн барилгын ажлын үе шат эхлэн, цаашлаад урт хугацааны олборлолтын ажил төлөвлөж байгаатай холбоотой бүрэлдэхүүнээ шинээр тодорхойлон, ажилчдын тоогоо нэмэгдүүлж нийт 50 үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 20 гэрээт ажилтантай. Хэлтэс нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, усны менежмент, байгаль орчны мониторинг болон газрын асуудал, байгаль орчны сургалт, химийн бодис болон хог хаягдлын менежмент, биологийн төрөл зүйлийн судалгаа хариуцсан үндсэн долоон багт хуваагдан ажилладаг. Хэлтсийн инженер, техникийн ажилтнууд болон удирдах албан тушаалтнууд нь нарийн мэргэжлийн ур чадвартай Монгол ажилчид байдаг. Миний бие гаднаас ажиллаж  байгаа цорын ганц мэргэжилтэн.

Оюу Толгой ХХК байгаль орчны нөлөөлөх байдалд хэр анхаарлаа хандуулдаг вэ. Үйл ажиллагаагаа байгаль орчны хууль, дүрэмд хэрхэн нийцүүлж байна вэ?
Өнгөрсөн жил Оюу Толгой компанийн үйл ажиллагааг Рио Тинто компанийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны удирдлагын тогтолцоотой бүрэн нийцүүлж, уялдуулах ажлыг эхлүүлсэн байгаа. Төслийн байгаль орчны бүхий л үйл ажиллагаа Рио Тинто компанийн стандарт, шаардлагад нийцэж буй эсэхэд тогтмол хяналт хийж, тус компанийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Бид олон улсын болон Монгол улсын стандарт, дүрэм журмуудыг мөрдөн ажилладаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг Монголын байгаль орчны үнэлгээний эрх бүхий мэргэжлийн компаниуд хийж гүйцэтгэн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамаар баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрддөг. Мөн олон улсын ISO 14001 байгаль орчны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ онд Олон улсын стандартын байгууллагаас амжилттай нэвтрүүлсэнийг илтгэх батламжаа авахаар зорин ажиллаж байгаа юм. Нэмж хэлэхэд бид байгаль орчныг хамгаалах чиглэлээр аливаа төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан санал, санаачлагыг дэмжин холбогдох газруудтай хамтран ажилладаг.

Уул уурхайн компаниудаас орон нутгийн иргэд байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгаа талаар их асуудаг. Оюу Толгой ХХК энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
Биологийн олон янз байдлын судалгааны баг нь говийн бүс нутагт тохирсон нөхөн сэргээлтийн арга аргачлалыг тодорхойлох зорилгоор туршилт судалгааны ажлыг 2003 оноос хойш хийж ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд шимт хөрс хуулах, хадгалах, говийн бүсэд дасан зохицсон нутгийн унаган ургамлыг нөхөн сэргээлтэд ашиглах, үрийн нөөц бүрдүүлэх, ховор болон нэн ховор ургамлыг тарималжуулах, хамгаалах, нөхөн сэргээлтийн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, Ханбогд суманд 5 га газар мод үржүүлгийн газар байгуулсан бөгөөд Солонгос улсын өндөр  технологийн дагуу хийгдсэн, давхар ханатай, өвөл дотроосоо халдаг, дотроо усалгааны системтэй хүлэмж барьсан. Энэ хүлэмж нь мод үржүүлгийн газар, биологийн нөхөн сэргээлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсэг болох юм. Барилгын ажлын дараа техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийнэ. Тус нутагт өмнө нь ургаж байсан олон настын үрийг тарималжуулан, биологийн нөхөн сэргээлт хийх юм. Үүний зэрэгцээ уурхайн нийт эдэлбэр газрын нөхөн сэргээсэн талбайн 10-аас доошгүй хувийг ногоон бүс болгон, говь нутгийн унаган мод, суулгацыг тарималжуулна.

Биологийн төрөл зүйлийг хамгаалах талаар ямар ажлууд хийгдэж байна вэ? Тухайлбал говийн зэрлэг ан амьтныг хамгаалах талаар.
Оюу Толгой төсөлтэй холбоотойгоор тухайн бүс нутгийн биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллөөс зайлсхийх, бууруулах болон нөхөн сэргээх үе шатаар болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зэрэг байгаль хамгааллын нэмэлт арга хэмжээнүүдийг говийн бүсийн хэмжээнд төлөвлөж, тодорхой ажлууд эхлүүлсэн. Тухайлбал, Оюу Толгойн орчимд шувуу, зэрлэг амьтан, ургамлын мониторинг хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Оюу Толгойн уурхайгаас гарч, орох бүх цахилгааны шугам, шонд шувуу чиглүүлэгчийг байршуулна. Төслийн талбайгаас БНХАУ-ын хил хүртэлх авто замыг зэрлэг ан амьтад ямар нэгэн аюулгүй байдлаар хөндлөн гарах гарц, цэгүүдийг байгуулсан. Бид байгаль орчны дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Уурхайн үйл ажиллагаа хийгдэж байгаа газар өөрчлөгдөж, сөрөг нөлөө гарах магадлалтай. Үүнийг сэргээхтэй дүйцэхүйц хамгааллын үйл ажиллагааг өөр газар хэрэгжүүлж, байгаль орчныг сайжруулахыг офсет буюу дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр гэдэг. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй аливаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бүс нутгийн хэмжээнд байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах юм. Бага говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран ирэх жилүүдэд хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийг тусгай хамгаалалтын газрын нөхцөл байдлыг сайжруулах, хулгайн ангаас сэргийлэх, бүс нутгийн хэмжээний дэд бүтцийн хөгжилтэй холбоотойгоор зэрлэг амьтдыг хамгаалах зэрэг үйл ажиллагаагаар эхлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн үр дүнг биологийн төрөл зүйлд хэр зэрэг эерэг нөлөө ахиу үзүүлсэн байдлаар хэмжинэ.

Оюу Толгой төслийн талбайн ойролцоо тоосжилт, дуу чимээ ихтэй хэмээн орон нутгийн иргэд ярьж байгаа?
Төслийн үйл ажиллагаанаас агаарын чанарт үзүүлэх нөлөөллийг тогтмол хянаж, нөлөөллийг бууруулах арга хэмжээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан үүрэг даалгаврын дагуу тогтмол давтамжтайгаар хийж байна. Үүнд, агаарын тоосны болон чанарын хяналт шинжилгээ, дуу чимээний хяналт шинжилгээ, доргио чичиргээний хяналт шинжилгээ ордог. Тоосжилтыг бууруулахаар уурхайн талбайд зорчиж байгаа аливаа техник хэрэгслийг зөвхөн тогтсон замаар, заасан хурдны хязгаараар явуулах арга хэмжээ авч байгаа. Мөн хэт их хуурайшилтай үед ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан ус цацаж, тодорхой давтамжтайгаар тоосжилтыг дарж байна. Нисэх буудлын зурвас, өрөмдлөг, тэсэлгээ, уурхайн үйл ажиллагаа, хүнд машин механизмаас үүсэх дуу шуугиан болон доргио чичиргээний хяналт шинжилгээг тогтмол давтамжтайгаар хийж, нөлөөллийг бууруулахын тулд ажлын нарийн хуваарь гаргах, дуу чимээний хаалт халхавч хийх, ажлын талбайн байршлыг тохируулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.

Бүтээн байгуулалтын явцад хог хаягдал их гарах нь мэдээж. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “хог хаягдлын шатлал”-ын зарчимд тулгуурлан, ангилан ялгах “Хог хаягдлын менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг дахин ашиглах болон боловсруулах зорилгоор ялгаж, ангилах байнгын ажилтнууд томилон ажиллуулсан. Төслийн талбайн орчин тойрны бүх цэгт хог хаягдлыг ангилан ялгах савуудыг байршуулж, үйлдвэрийн ажилчдад хог хаягдлын менежментийн сургалт явуулдаг. 2011 онд хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа тоо баримтаар дурдвал, 684 ачааны тэрэг хаягдал мод, 80 ширхэг төмөр хоолойг орон нутгийн иргэдийн ахуйн хэрэгцээнд өгсөн бөгөөд 1300 тонн хаягдал төмөр дахин боловсруулалтад нийлүүлсэн. Мөн хуванцар сав, гялгар уут, цаасан хайрцаг, бичгийн цаасаа дахин боловсруулдаг үйлдвэртэй гэрээ байгуулан тогтмол өгдөг.

Оюу Толгой ХХК үйл ажиллагаагаа ямар стандартуудад нийцүүлэн явуулж байна вэ?
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан баг нь төслийн үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль дүрэм, журамтай нийцэж буй эсэхэд хяналт тавьж, зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирлээ. Мөн байгаль орчны удирдлагын тогтолцооны баг нь Рио Тинто компани болон олон улсын стандартын шаардлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, уялдуулахад голлон анхаарч ажилласан бөгөөд Байгаль орчны чиглэлээр Рио Тинто компанийн үндсэн есөн стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд, усны хэрэглээ болон чанарын хяналт, хог хаягдал, дуу чимээ, чичирхийллийн стандарт, газрын ашиглалт, хамгаалалт, аюултай хог хаягдлын чанарын стандарт, агаарын чанар, хүчиллэг урсацаас хамгаалах стандарт болон уурхайн хаалтын стандартууд ордог. Үүнээс гадна үндэсний холбогдох байгаль орчны бүхий л стандарт дүрэм, журмыг мөрдөж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.