Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Д.Энхбаатар "Оюу Толгойн ажилтан болох боломж хүн бүрт нээлттэй байдаг"

- Бид Оюу Толгойд Монголынхоо ирээдүйг хамтдаа бүтээж байна -

Оюу Толгой ХХК-ийн Сургалт хариуцсан ахлах ажилтан Д.Энхбаатартай тус компанийн ажилтнаа бэлтгэж байгаа явц, үр дүн, залуучуудад уул уурхайн ажилтан болох боломж хэр нээлттэй байдаг талаар ярилцлаа.

Сүүлийн үед хүн бүр уул уурхай ярьж байна. Тэнд ажиллах хүсэлтэй залуучууд ч олон бий. Гэхдээ хүн бүрт өөрийгөө сорих боломж нээлттэй байгаа юу. Оюу Толгой ХХК өнөөдөр ажилчдаа ямар байдлаар бэлтгэж байна вэ?
Энэ боломж хүн бүрт нээлттэй гэдгийг хэлмээр байна. Оюу Толгой компани ажилтнаа 2010 оноос бэлтгэж эхэлсэн. Анхны 100 хүнээ элсүүлээд Эрдэнэтийн Технологийн сургууль дээр баяжуулах үйлдвэрийн оператор, хүнд машин механизмийн оператор, баяжуулах үйлдвэрийн цахилгаанчин гэсэн мэргэжлээр сургаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай сургалтанд хамрагдсан нийт хүний тоо 400 орчим байгаа. Анхны үр дүн гэвэл хүнд машин механизмийн оператор мэргэжлээр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дээр сургалтад хамрагдсан 24 залуу шаардлага хангасан ажилтан болж өнгөрсөн оны 7 дугаар сараас Оюу Толгой төслийн ил уурхайд ажиллаж байна. Эхлээд бага оврын 60 тоннын машин дээр ажиллаж байсан бол өнөөдөр бүгдээрээ чадварлаг оператор болоод 290 тоннын даацтай Комацугийн 930 гэдэг маркийн машинууд бариад амжилттай ажиллаж байна. Ил уурхайн захиалгаар олон талын чадамжтай операторууд бэлдэхээр 2011 оны 10 дугаар сараас 20 залууг сонгож аваад Эрдэнэтийн Технологийн сургууль дээр эрчимжүүлсэн сургалтад хамрууллаа. Эдгээр хүмүүс 4-5 техник дээр ажиллах чадвартай болсон. Өнгөрөгч 3 дугаар сарын 30-нд сургалт нь дуусаад бүгдээрээ амжилттай төгсөөд 19 нь Оюу Толгой төсөл дээр ажиллахад бэлэн боллоо. Мөн Дархан хотын Полтехникийн коллеж дээр 2011 оны 4 дүгээр сараас 60 залууг баяжуулах үйлдвэрийн оператор мэргэжлээр сургаж эхэлсэн. Дархан, Эрдэнэтэд баяжуулах үйлдвэрийн оператор мэргэжлээр суралцаж байгаа залуучуудаас шалгалт аваад 8 залууг 4 сургагч багшийн хамт АНУ-ын Кеннекотын уурхайд дадлага хийхээр явуулсан. Тэнд 1 сар дадлага хийгээд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт ажиллана. Дэд бүтцийн хэлтсийн захиалгаар цахилгааны чиглэлээр 28 залуу Эрдэнэтэд сурч байгаа. Эндээс 10 гаруй хүн шалгаж авна. Энэ хүмүүс 4 дүгээр сарын 30-наас ажлаа эхлэнэ. Үр дүнгүүд эхнээсээ гарч бэлтгэсэн хүмүүс амжилттай ажиллаж байна. Залуучууд, бид бүгдээрээ Монголынхоо ирээдүйг Оюу Толгойд бүтээж байна даа.

Та хүн бүрт нээлттэй гэж хэллээ. Би сургалтад хамрагдаж ажилтан больё гэсэн хүсэлтэй байгаа бол хаана, хэнд хандах вэ. Шалгаруулалт хэр шударга явагддаг вэ?
Оюу Толгой компани хүний нөөц, сургалтын бодлогын хүрээнд боломжийг хүн бүрт тэгш олгодог. Тодорхой нэг мэргэжлийн сургалтыг нээлттэй ил тод байдлаар өөрийн www.ot.mn цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлүүдээр зарладаг. Ямар нэгэн байдлаар нас, хүйсээр ялгаварлах бодлого барихгүй. 18-аас дээш насны мэргэжилгүй, мэргэжилтэй хүн ч өөр мэргэжил сонгоё гэвэл нээлттэй. Элсэлтийн шалгалт зохион байгуулна. Шалгалтаар ороод мэдлэг, ур чадвар, техник сэтгэлгээний шалгалтанд тэнцсэн хүмүүс дараагийн шатны ярилцлагад ордог. Шалгаруулалт шударга тул боломж хүн бүрт нээлттэй. Тэнцээд амжилттай суралцаж төгсөөд сайн ажиллаж байгаа жишээ олон бий.

Монгол залуучууд техник эзэмших суралцах талаар хэр чадвартай байдаг вэ. Хурдан сурч байна уу?
Сургалтад янз бүрийн түвшний хүмүүс ордог. Хүний өөрийнх нь идэвх зүтгэлээс хамаарна. Өмнө нь ямар мэргэжилтэй байсан нь хамаагүй. Зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлээс нэлээд зүйл шалтгаалдаг. Манай сургалт чадамжид суурилсан. Богино хугацаанд сураад төгсөж болно. Чадахгүй бол цаашаа үргэлжлүүлээд л сурна. Оюу Толгойн уурхайн талбай дээр сургалтын төв байгаа. Удахгүй энэ сургалтын төвөө дэмжих Ханбогд сум дахь өөрийн Техникийн сургалтын төвөө ашиглалтад оруулна.

Манай улсад уул уурхайн ажилтан олноор нь бэлтгэлгүй нэлээд удаж. Оюу Толгой ХХК ажилтнаа өөрсдөө сургаад эхэлсэн юм байна. Уурхайд хэр олон хүн ажиллах вэ?
Оюу Толгой уурхай ашиглалтад ороход 3500 орчим хүн ажиллана гэсэн хүний нөөцийн тооцоо байдаг. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 5 жилийн дотор Монгол, гадаад ажилчдын тоог 90:10 гэсэн харьцаанд хүргэнэ гэсэн үүргийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн. Үйлдвэрийн хэрэгцээтэй ажилчдыг энэ харьцаанаас харахад мянгаар тоологдох ажилчдыг сургаж, дадлагажуулах шаардлагатай. Оюу Толгойн баяжуулах үйлдвэр дэлхийд томоохонд тооцогдох төслийн нэг. Хамгийн дэвшилтэт техник, технологи ашиглах учраас тэнд ажиллах ажилчдыг сургалтаар дамжуулан бэлтгэж, дадлагажуулсны дараа ажиллуулах шаардлага гарч байгаа. Манай сургалтын хэлтэс 2010 оноос эхлээд тодорхой мэргэжлүүд болон хэлтэс, хэсгүүдийн захиалга авч Монгол залуучуудыг элсүүлэн мэргэжлийн сургуулиудаар дамжуулаад сургаж байна. Мөн одоо Оюу Толгой төсөл дээр ажиллаж байгаа ажилчдаас сонгоод шалгаруулж шаардлага хангасан өндөр ур чадвартай, ажлын дадлага туршлагатай хүмүүсээс ажилтан элсүүлж байгаа юм. Ийм хоёр замаар ажилтнаа бэлтгэх бодлого баримталдаг.

Өнөөдөр манай улсад уул уурхайн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх сургуулиуд байна уу. Сургуулиудын материаллаг бааз, тоног төхөөрөмж шаардлага хангаж байна уу?
Өндөр техник, технологитой дэлхийн хэмжээний уурхайн ажилчдыг бэлтгэхэд манай улсын мэргэжлийн боловсролын өнөөгийн түвшин шаардлага сайн хангаж чадахгүй байгаа. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу Толгой компани үүрэг авч Монгол улсын мэргэжлийн боловсролыг шинэчлэн сайжруулж, орчин үеийн олон улсын түвшинд хүргэх замаар ажилчдаа бэлтгэнэ гэсэн. Энэ гэрээний дагуу тодорхой мэргэжлийн сургуулиудыг дэмжиж, улам боловсронгуй болгон хөгжүүлж чадваржуулж, тэр сургуулиудаар дамжуулж өөрсдийн хэрэгцээтэй ажилчдаа бэлтгэж байгаа. Оюу Толгой компани хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжээд сургуулийн барилга байшинг нь өргөтгөөд, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмжүүдийг нь шинэчлэн, үүнтэй зэрэгцэн сургалтын хөтөлбөрийг нь боловсронгуй болгож байгаа. Оюу Толгой, Рио Тинто компанийн хүрээнд дэлхийн хэмжээний уурхайд шаардлагатай ажилчдаа бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийг сургуулиудад өгч, тэнд ажиллаж байгаа багш нарыг чадваржуулж байгаа. Ийм байдлаар Оюу Толгой ХХК-ийн өнөөдрийн шаардлага хангасан мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт явуулж байна.

Сайн ажилтан бэлтгэхэд сайн багш хэрэгтэй. Сургалт явуулах багшлах боловсон хүчин хэр байна вэ. Багш нарыг нь бэлтгэх шаардлага байна уу?
Ер нь байгаа. Монгол улсын мэргэжлийн боловсрол олон улсын түвшинд хүрээгүй. Багш нарын мэдлэг чадвар зарим талаар дутагдалтай. Гэхдээ олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, өдрөөс өдөрт сайжирч байгаа. Оюу Толгой төслөөс Монголын ажиллах хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг нийт 110 тэрбум төгрөгөөр (85 сая ам.доллар) санхүүжүүлж байгаа. Энэ хөтөлбөр бол Монголын түүхэнд энэ чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Уг санхүүжилтээр Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулж, 1200 багшийг олон улсын стандартыг хангасан түвшинд сургаж бэлтгэх юм. Манайхаас сургуулиудад нийлүүлж байгаа тоног төхөөрөмжүүд ашиглах гарын авлага болон хэрэглэх сургалтын хөтөлбөртэй цуг ирдэг. Тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн үйлдвэрлэгч компани өөрөө суурилуулж, ашиглах зааварчилгаа өгдөг. Тиймээс энэ сургалтуудаар дамжуулаад тэр тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах, сургалтад хэрэглэх багш нарын ур чадвар дээшилж байгаа. Багш нарыг сургах хөтөлбөрийн хүрээнд анхны 90 багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад явж байна. Ирэх 5 сард төгсөнө. Мэргэжлийн бүх сургуулиудын төлөөллийн багш байгаа.

Оюу Толгой ХХК мэргэжлийн боловсролд ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ. Нийгэм рүү хандсан томоохон төсөл санаачилга юу байгаа вэ?
Оюу Толгой компани өөрийн хэрэгцээт ажилчдаа бэлтгэхээс гадна үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 3300 хүнийг 3 жилд сургах төсөл хэрэгжүүлж, нийт 30 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байгаа. Энэ санхүүжилтэд уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтад хэрэгцээтэй 3300 суралцагчийн сургалтын төлбөр, сургалттай холбоотой бүх зардал, суралцагчдад олгох тэтгэлэг зэргүүд багтана. Төслийн хүрээнд уул уурхайн чиглэлээс бусад мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрийг шинэчлэх сайжруулах, шинэ түвшинд гаргах санаачилга явж байгаа. Саяхан мэргэжлийн боловсролын сургуулиудад хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх 3 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийн захиалга явуулаад дуусч байна. Ирэх 6 дугаар сар гэхэд 21 сургуульд сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Зөвхөн нийлүүлэх бус үйлдвэрлэгч компанийн сургалтуудыг тухайн сургуулиудийн багш нарт нь явуулах юм. Багш нар тоног төхөөрөмжөө ажиллуулах, сургалт явуулах чадвартай болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.