Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК нийгмийн хариуцлагаа биелүүлж, хүмүүнлэгийн үйлсийг дэмжин ажиллаж байна

- Цусны донорын үйлсийг сурталчлах аяныг ивээн тэтгэнэ -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн болон бусад чиглэлийн арга хэмжээнүүдийг дэмжин ажилладаг. Эдгээр ажлын хүрээнд Дэлхийн цусны донорын өдрийг угтан “Хүний амь, нас аврахаас бүү татгалз” болзолт аяны ивээн тэтгэгчээр оролцож байна. Энэхүү аян 4 дүгээр сарын 23-наас 6 дугаар сарын 14-нийг хүртэл 45 хоног үргэлжилнэ. “Цусаа бэлэглэгч донор та эгэлгүй баатар” уриан доор МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС зэрэг Улаанбаатар хотын найман томоохон их, дээд сургуулийн оюутнууд болон Оюу толгой ХХК-ийн Улаанбаатар хотод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид цусны донорын үйлсийг сурталчилж, цусаа хандивлах ажлыг манлайлан оролцох юм.

Оюу Толгой ХХК-ийн байранд өчигдөр уг аяны үеэр явуулах арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал болж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек “Эмнэлгүүд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байснаар олон хүний ам насыг аврах боломжтой болно. Оюу Толгой ХХК нийгмийн хариуцлагаа байнга ухамсарлан ажилладаг. Тиймээс хүмүүнлэгийн үйлсийг ивээн тэтгэж байгаа юм. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны цахим удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхны байгууллагын нэгд Оюу Толгой ХХК ордог” хэмээн хэллээ. Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж “Оюу Толгой ХХК манай аяныг дэмжин оролцож байгаад баяртай байна. Монголын хамгийн том бүтээн байгуулагч энэ төсөлд эрүүл чийрэг залуус ажиллаж байгаа болохоор бидний энэ ажилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой юм. Оюу Толгой ХХК араасаа олон бизнесийн байгууллагыг дагуулж, үлгэр жишээ үзүүлнэ гэж бодож байна” гэлээ.

Оюу толгой ХХК нь өнгөрсөн жил тэргүүний донор хоёр байгууллагын хүмүүнлэгийн үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, шагнаж урамшуулж байсан юм. Энэ жил мөн аянд идэвхи гаргаж, тэргүүлэн оролцсон их, дээд сургуулиудыг шагнаж урамшуулна.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Монголын Оюутны Холбоо “Хүний амь нас аврахаас бүү татгалз” болзолт аяныг зохион байгуулж явуулах бөгөөд оюутнуудад мэдлэг олгох сурталчилгаа хийхийн зэрэгцээ сургууль дээр нь очиж цус цуглуулах ажлыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран гүйцэтгэх юм.

Дашрамд өгүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн улс орны хүн амын гурван хувь нь байнга цусаа бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцоолдог бол  манай улсад энэ үзүүлэлт дөнгөж 0,75 хувьтай байдаг аж.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.