Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Амжилтын түүх: Б.Солонго "Оюу Толгой ХХК амжилттай суралцах боломж олгож байгаа"

 

Б.Солонго бол Монголын олон зуун мянган оюутны нэг. Тэрээр МУИС-д Байгаль ашиглалт хяналт үнэлгээний чиглэлээр суралцдаг. Өнөөдөр оюутнууд амжилттай суралцахад бололцоо нөхцөл хэрэгтэй. Оюутнууд хичээлийн бус цагаараа ажил хийж, мөнгө олох боломж манайд тийм ч их биш. Тиймээс ихэнх оюутнууд эцэг, эх, ах дүү нараасаа санхүүгийн дэмжлэг авдаг.

Б.Солонго оюутнуудад нэн хэрэгтэй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар байнга л сонирхож, уншиж явдаг байж. Тиймээс Оюу Толгой ХХК-ийн дотоодын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, шалгуурт нь тэнцэн суралцаж байгаа юм. Тэрээр “Би Дархан-Уул аймгийнх. Хөдөөнөөс хотод ирж сурахад өртөг өндөртэй. Оюутан хүнд өдөр бүр мөнгөний хэрэгцээ гарна. Наад зах нь шинжилгээ судалгааны ажил хийхэд хүртэл мөнгө хэрэгтэй. Би тэтгэлгээр суралцаж байгаа болохоор давуу тал үнэхээр их. Оюу Толгой ХХК оюутан бидэнд амжилттай сурах боломж олгож байгаа. Сар бүр тэтгэлэг авдаг болохоор хэрэглээний мөнгөндөө санаа зовдоггүй. Мөнгөө юунд зарцуулахаа хүртэл төлөвлөж болдог” хэмээн ярьж байсан. Оюу Толгой ХХК-ийн тэтгэлгээр сургалтын жилийн төлбөр, дотуур байрны зардлыг нь төлдөг. Мөн тухайн оюутны хэрэгцээнд зориулан сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог.

Түүний хэлсэнээр оюутнууд өөрийнхөө зорьсон мэргэжилдээ сонирхолтой, идэвхтэй суралцах хэрэгтэй. Сонирхолтой байж амжилттай суралцана. Оюутан бүрд тэтгэлгээр суралцах боломж нээлттэй байна. Хамгийн чухал нь сайн суралцаж, нэгдүгээр дамжаанаас эхлэн өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэнэ. Учир нь тэтгэлэгт хөтөлбөрүүдийн гол шалгуурын нэг нь сурлагын голч оноо байдаг учраас амжилттай суралцахын зэрэгцээ дүнгээ тогтвортой хэмжээнд байлгах шаардлагатай аж. Түүнчлэн тэтгэлгийн мэдээллийг олон сувгаар хайж, сайн судалж, шалгуурыг мэдэх ёстой гэж байсан. Зарим оюутан нэг удаа шалгалтад ороод тэнцэхгүй бол би чадахгүй юм байна гээд шантарч орхидог. Өөрсдийгөө бэлдээд дахин оролцож, алдаа, оноогоо мэдэж, туршлага хуримтлуулах ёстой гэж боддог гэнэ.

Б.Солонго мэргэжлээрээ өсөж хөгжих бүхий л боломжийг эрж, эрдэм шинжилгээний хуралд оролцохоос эхлээд уул уурхайн компанид дадлага хийх зэргээр өөрийгөө хөгжүүлж байгаа юм байна. Бас гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт оролцох бэлтгэлээ ч хийж байгаа гэсэн.

Аливаа улсын хөгжлийн тулгуур нь мэргэжилтэй ажилтан, чадварлаг боловсон хүчин байдаг. Тиймээс Оюу Толгой ХХК Монгол улсын боловсролд хөрөнгө оруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгож байгаа юм.

Монголчууд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж ярьдаг. Түүнтэй адил өөрийгөө дайчлан хичээн суралцвал оюутан бүрд боломж олон байгаа. Үүнийг өөрийнхөө сонгосон мэргэжилдээ үнэнч байж, амжилттай суралцаж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Б.Солонгын амжилтын түүх харуулж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.