Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Г.Сугар "Оюу Толгой компани орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжиж ажилладаг"

Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа тогтвортой хөгжлийн хэлтсийн Aхлах менежер Г.Сугартай ярилцлаа.

Оюу Толгой бол Монголын хамгийн том уул уурхайн төсөл. Энэ утгаараа орон нутгийн хөгжлийг дэмжсэн олон үйл ажиллагаа явуулдаг байх?
Оюу Толгой компани Өмнөговь аймагт усан хангамжийг сайжруулах, сумдын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн ханган нийлүүлэгчдийг бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн чадавхийг дээшлүүлэх, соёлын өвийг хамгаалах, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг явуулж байна. Энэ ажлын хүрээнд Оюу Толгой компани Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд жилдээ 150 мэргэжилтэн бэлтгэх хүчин чадалтай техник мэргэжлийн сургуулийг барьж энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах юм. Мөн Өмнөговь аймгийн 33 оюутанд дээд боловсролын тэтгэлэг олгосноос гадна Ханбогд сумын малчин өрхийн 25 хүүхдийн дээд боловсролын төлбөрийг Оюу Толгой компани хариуцаж байна.

Уул уурхайн компанийн бараа бүтээгдэхүүний эрэлтийг дагаад орон нутгийн бизнес, зах зээл өргөжин тэлдэг. Орон нутгийн бизнесийг Оюу Толгой хэрхэн дэмжиж байна вэ?
Ер нь хөдөөгийн бизнес эрхлэгчид уул уурхайн зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлж, бизнесээ хөгжүүлэхийн хажуугаар болж өгвөл уул уурхайгаас үл хамаарсан зах зээлийг бэхжүүлэх нь зүйтэй. Тиймээс Оюу Толгой компани уурхайн ханган нийлүүлэгчдийг бэлтгэхийн зэрэгцээ орон нутгийн бусад жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилладаг. Зөвхөн 2011 онд гэхэд л Оюу Толгой төсөлд тус аймгийн 200 гаруй ханган нийлүүлэгч 3 тэрбум орчим төгрөгийн бараа үйлчилгээ нийлүүлж, ажиллах хүч, орон нутгийн зах зээлээ хөгжүүлэн ажиллаж байна. Мөн Оюу Толгой компанийн орон нутгийн жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ажлын хүрээнд ХААН, Хас банкинд байршуулсан бизнесийн зээлийн сангаас мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 50 гаруй бизнес эрхлэгч нийтдээ 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч бизнесээ өргөжүүлэхээс гадна бизнес, технологи, менежментийн сэдвээр сургалт, зөвлөгөө авч байна.

Орон нутгийн дэд бүтцэд хэр анхаарч байна вэ?
Ханбогд, Баян-Овоо, Манлай сум эрчим хүчний төвлөрсөн шугамтай холбогдоогүй, одоогийн байдлаар дизель станцаар хязгаарлагдмал хэмжээгээр ард иргэдээ цахилгаанаар хангаж байна. Оюу Толгой компани эдгээр суманд 2009 оноос одоог хүртэл хандивын дизель станц ажиллуулж, дизель түлш нийлүүлж байна. Энэ оны эхээр бид Монголын үндэсний хоёр аж ахуйн нэгжтэй гэрээ хийж 6 тэрбум төгрөгийн төсөв бүхий Оюу Толгой төслийн талбайгаас Ханбогд сум хүртэл 35кВ –ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг Бодь Интернэшнл, Илч Хангай компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ийнхүү бид Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлөөр импортын эрчим хүчний эх үүсвэртэй болох хүртэл Ханбогд сумыг найдвартай эрчим хүчтэй холбох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд, үүн дотор малчдад уул уурхайн үйл ажиллагаа ямар нөлөөлөл үзүүлж байна вэ?
Оюу Толгой бол дэлхийн хэмжээний орд. Энэ ордыг барьж байгуулах барилгын болон ашиглалтын үед ямар нэгэн байдлаар тухайн орон нутагт эерэг болон сөрөг нөлөөллийг авчирдаг. Ер нь олон улсын стандартаар уул уурхайн компаниуд эдгээр нөлөөллүүдийг зохицуулах, сөргийг нь бууруулах, эергийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч орон нутгийн иргэдийн ахуй амьжиргааг сайжруулах, цаашдаа урт хугацаандаа тогтвортой хөгжих боломжийг бий болгох ёстой. Энэ бол уул уурхайн компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын нэг хэсэг. Нэгэнтээ Оюу Толгойн орд дэлхийн хэмжээнийх учраас бид Монгол оронд үйлчилж байгаа хуулийг биелүүлэхээс гадна олон улсын түвшинд мөрдөгдөж байгаа стандартуудыг хэрэгжүүлэх ёстой. Одоогоор Оюу Толгой барилгын шатандаа явж байгаа. Барилгын шатандаа ил, гүний уурхайгаа барихаас гадна уурхайнхаа үйл ажиллагааг ашиглалтын явцад нь дэмжих дэд бүтцүүдийг барьж байна. Тухайлбал, онгоцны буудал, Гүний Хоолойгоос ус татах шугам сүлжээ, Гашуун сухайт хүртэлх 105 км засмал зам, цахилгаан дамжуулах агаарын шугам гэх мэт. Эдгээр дэд бүтцүүдийг барихад Ханбогд сумын 10 мянган га газар хамарч байгаа. Энэ сумын 60 хувь нь малчин өрхүүд байдаг. Мал аж ахуй бол бэлчээр усан дээр тогтдог. Дэд бүтцийн байгууламж 10 мянган га газар эзлэхээр тэнд амьдарч байгаа малчин өрхийн амьжиргаа, эдийн засагт нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Тэгвэл нөлөөллийг бууруулахын тулд малчдад зориулсан ямар ажлууд хийгдэж байна вэ?
Оюу Толгой компаниас нөлөөлийг бууруулах, орон нутгийн малчид иргэдийн ахуй амьжиргааг дэмжих, нөхөн олговрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрөө боловсруулахдаа орон нутгийн иргэдэд төслийн талаархи мэдээллээ өгсөн. Орон нутагт баригдаж байгаа дэд бүтцийн нөлөөлөл ямар байгаа, иргэд нөлөөллийг зохицуулах ямар саналтай байгаа, мөн амьжиргааг нь сайжруулахад хэрэгтэй зүйлсийг тогтоох зорилгоор хэд хэдэн үе, шатлалтай хэлэлцүүлгийг засаг захиргаа, айл, бүлэг, баг, сумынхны оролцоотойгоор явуулсан. Нутгийн иргэдийн саналыг аль болох сонсч, энэ хөтөлбөртөө тусгасан. Нөгөө талаас олон улсын шинжээчид бидэнд хяналт тавьж ажилласан. Энэ хөтөлбөрийг боловсруулах явцад олон улсын байгууллагуудаас хэд хэдэн удаа аудит хийж, санал шүүмжээ өгсөн байгаа. Тэгэхээр орон нутгийн ч, олон улсын шинжээчдийн ч санал орсон өргөн хэмжээтэй хөтөлбөр болсон гэж үзэж болно. Нийт 84 өрх нөхөн олговрын хөтөлбөрт хамрагдах эрхтэй. Нөхөн олговорт хамрагдах хүсэлтэй хүмүүс олон байсан. Бид хүн бүрт нөхөн олговор өгөөд байхгүй. Тодорхой нөлөөлөл, тодорхой шалгуурт тэнцсэн өрхүүдийг л хамруулж байгаа.

Нөлөөллийг ангилж хуваана гэсэн үг үү. Ямар байдлаар ангилдаг вэ. Нөлөөлөл гэхээр малчид бэлчээргүй, худаг усгүй болчихно гэсэн ойлголт байна л даа?
Тийм зүйл байхгүй. Нөлөөллийг 8-9 ангилалд хуваасан байгаа. Тухайлбал, Ханбумбат онгоцны буудлын 5 км-ийн радиуст өвөлжөө нь байдаг өрх хамгийн хүнд гэсэн нөлөөлөлд багтаж байгаа. Малын бэлчээр нь багассан, хурц гэрэл, дуу чимээ тэр өрхийн хүмүүст нөлөөлж байгаа гэж үзсэн. Ийм нөлөөлөлд багтаж байгаа айлуудад өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангах, бизнесийг нь дэмжих, боловсролын тэтгэлэг өгөх, бэлчээрийн менежментийг нь сайжруулах, түр болон богино хугацааны мэргэжил олгох сургалтад хамруулах, худаг усыг нь сайжруулах гэсэн чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа. Энэ бүхнийг авсанаараа тухайн иргэд урт хугацаандаа өрхийн амьжиргааны орлогын эх үүсвэр нэмэгдүүлсэн үр дүн гарах ёстой юм. Малчид нөхөн олговорт эхнээсээ хамрагдаад явж байгаа.

Уул уурхайн компани иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гардаг. Оюу Толгой компани үүнийг хэрхэн шийдсэн бэ?
Олон улсын түвшинд тодорхой стандарт ойлголтууд байдаг. Бид 2003 онд биет нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Тэр үед 11 айлыг хамруулсан. Харин одоо зөвхөн эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна. Ингэхдээ бид Оюу Толгой төслийг удирдагч Рио Тинто компанийн болон олон улсын стандартыг мөрдлөг болгодог. Малчин өрхийн хувьд энэ явц бол нэлээд онцлогтой. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй хүний хувьд эдийн засгийн алдагдлыг тооцох нь их онцлог, бэрхшээлтэй байдгийг ойлгож өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна.

Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Цоггэрэл:

Өнгөрсөн жил малчид, төрийн байгууллагын төлөөлөл оролцсон “Нөлөөлөлд өртсөн айлуудын амьжиргааг дэмжих ажлын хэсэг” байгуулсан. Би ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг. Оюу Толгой ХХК нөлөөлөлд өртсөн малчин өрхийн  нэг гишүүнийг ажлын байраар хангах, оюутны төлбөр, хүүхдийн хичээлийн бэлтгэлийн зардал олгож, малчдын амьжиргааг дэмжих хөтөлбөрүүдэд хамруулж байна.

Ханбогд сумын Гавилууд багийн малчин Ч.Төмөрхуяг:

Оюу Толгой ХХК нөлөөлөлд өртсөн өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангаж байна. Би замын арчилгаа хариуцан ажилладаг. Мөн хоёр хүүхдийн хичээлийн бэлтгэлийн зардал өгч байгаа. Манай гар худгийг засч сайжруулсан.

Ханбогд сумын Баян багийн малчин Г.Дүгэрсүрэн:

Оюу Толгой ХХК нөлөөлөлд өртсөн өрхийн гишүүнийг ажлын байраар хангаж байна. Бид нар тогтмол цалин авдаг. Манай хүүхэд оюутан. Оюу Толгой компаниас сургалтын төлбөрийг нь төлдөг.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.