Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Багш нарыг мэргэшүүлэх сургалт анхны төгсөлтөө хийлээ

- МСҮТ-ийн багш нарыг сургах хөтөлбөр 2011-2014 оны хооронд явагдана –

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК Монголын ажиллах хүчин бэлтгэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулна. Үүний зэрэгцээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг сургах, Оюу Толгой компани өөрийн болон үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мөн уурхайн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын тэтгэлэг зэрэг олон хөтөлбөр багтаж байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нарыг сургах хөтөлбөрийн хүрээнд анхны 90 багшаа сургаж, 5 дугаар сарын 25-нд төгсгөлөө. Энэ хөтөлбөрт Монгол улсын мэргэжлийн бүх сургуулийн багш нарын төлөөлөл багтсан байна. Төгссөн багш нар Австралийн сургалтын тогтолцооны дагуу “Сургалт ба үнэлгээний гэрчилгээ 4” гэсэн мэргэшил эзэмшсэн. Сургалтын хөтөлбөрийг Австралийн мэргэжлийн ЭТАС групп хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек “Оюу Толгой төсөл үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 3300 хүнийг гурван жилд сургах төсөл хэрэгжүүлж, нийт 30 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байна. Мөн мэргэжлийн боловсролын сургуулиудад гурван тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Энд суралцаж төгссөнөөр багш нар нийлүүлсэн тоног төхөөрөмжөө ажиллуулах, сургалт явуулах, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдлээ” хэмээн ярилаа. Сургалтад оролцсон Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш О.Галжав “Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо, түүнийг зохион явуулах, боловсруулах дүгнэх аргуудыг мэдэж өөрийнхөө сургалтад ашиглах, бүсийн багш нартаа хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, хамтран хөгжүүлэх анхны багш нарын нэг болсондоо баяртай байна” хэмээн сэтгэлээ хуваалцлаа.

Аливаа улсын хөгжлийн эх суурь нь мэдлэг, чадвартай ажиллах хүч байдаг. Тиймээс мэргэжлийн сургуулиуд, тэнд ажиллаж байгаа багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх шаардлага байнга гарч байгаа юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургах хөтөлбөр нь 2011 - 2014 оны хооронд явагдана. Энэ хугацаанд нийт 1200 багш хамрагдах юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.