Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Сумын төвөөс дэлхийн хэмжээний уурхайд ...

- Монгол залуус Оюу Толгойд өөрсдийн мөрөөдлөө биелүүлж байна –

Монгол улс, Улаанбаатар хот - Монгол улсын хөгжлийн тулгуур болсон Оюу Толгой уурхайд ажиллах мөрөөдөл олон мянган залууст байдаг. Тэгвэл тэдний мөрөөдөл аль хэдийнэ биелэлээ олжээ. Оюу Толгой ХХК өөрийн ажилтнаа бэлтгэхээр анхны 100 хүнээ элсүүлж 2010 оноос баяжуулах үйлдвэрийн оператор, цахилгаанчин, хүнд машин механизмийн оператор зэрэг мэргэжлээр сургаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар сургалтад нийт 400 орчим хүн хамрагдаад байна.

Оюу Толгой ХХК-ийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан 32 залуу баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин мэргэжлээр 1-2 жил суралцаж төгсөөд 6 дугаар сарын 1-нээс ажилдаа орсон юм.


Б.Өнөрчимэг: Би дээд сургуулиа уул уурхайн мэргэжлээр төгссөн. Үүний дараа Оюу Толгойн сургалтад сууж баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр төгслөө. Анхны эмэгтэй төгсөгч. Засварчнаар голдуу эрчүүд ажилладаг ч би мэргэжилдээ дуртай болохоор амжилттай ажиллана гэж бодож байна. Оюу Толгой Монголын залуучуудын ирээдүйн итгэл болж, хүсэл мөрөөдлийг биелүүлж байна.


М.Цэнджав: Би Булган аймгийн Тэшиг сумаас ирж шалгалт өгч тэнцээд 2010 оноос 2 жилийн хугацаатай суралцаж цахилгаанчин мэргэжлээр төгслөө. Өнөөдрөөс эхлэн уурхайд цахилгааны нарийн хэмжүүр, автоматжуулалтын ээлжийн засварчинаар ажиллана. Оюу Толгой ХХК миний сургалтын зардлаас эхлээд бүх талын дэмжлэг үзүүлсэнд туйлын баяртай байгаа. Монголын хамгийн том бүтээн байгуулалтад оролцож байгаадаа бахархаж байна.


Оюу Толгой ХХК-иас Монголын ажиллах хүчин бэлтгэх хамгийн өргөн цар хүрээтэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, 110 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна.

Энэ санхүүжилтийн хүрээнд Монгол улсад техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулна. Үүнээс гадна 3300 мэргэжилтэй ажилтан бэлтгэх, МСҮТ-ийн 1200 багшийг сургах, Оюу Толгой ХХК-ийн ажилтан бэлтгэх, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлууд багтаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.