Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой хууль зүйн дээд боловсролыг олон улсын жишигт хүргэхэд хувь нэмрээ оруулна

- Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа -

Монгол улс, Улаанбаатар хот - Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК боловсролын салбарт олон хэлбэрээр хөрөнгө оруулж байгаа юм. Эдгээр ажлынхаа хүрээнд Монгол улсын эрхзүйн дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх төв болсон МУИС-ийн Хууль зүйн сургуультай Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Оюу Толгой компани МУИС-ийн Хууль зүйн сургуультай хууль, эрхзүйн судалгаа, шинжилгээний ажил болон оюутнуудын дунд зохиогдох тэмцээн уралдааныг дэмжиж ажиллах боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ Хууль зүйн сургуулийн оюутнуудыг Оюу Толгой компанид дадлагажих боломжоор хангах, сургуулийн номын санг ном хэвлэл, сурах бичгээр баяжуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллана.

Гарын үсэг зурах үеэр Оюу Толгой ХХК-ийн Хуулийн хэлтсийн ерөнхий менежер Саймон Блэйдон “Дэлхийд тэргүүлэгч уурхайн төслийг хэрэгжүүлж байгаа Оюу Толгой компани хууль зүйн дээд боловсролыг олон улсын жишигт хүргэж, өндөр ур чадвартай хуульчдыг бэлтгэдэг, 50 жилийн түүхтэй МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид хүний эрх, эрх чөлөө, эрхзүйт төр ёс, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна” гэлээ.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Дэд захирал Н.Лүндэндорж “Өнөөдөр дэлхийн томоохон их, дээд сургуулиуд аж үйлдвэрийн салбартай хамтран ажиллах хандлагатай болсон. Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах болсон нь манай сургуулийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ. Бидний хамтын ажиллагаа нь ашигт малтмал, байгалийн баялагтай холбоотой эрхзүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, багш оюутнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэдэгт итгэж байна. Бид энэ чиглэлээр хамтран ажиллах том түнштэй болж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.

Энэ үеэр Оюу Толгой ХХК санамж бичгийн эхний ажил болгож номын дээжийг МУИС-ийн Хууль зүйн сургуульд гардуулж өглөө.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.