Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Ханбогдчуудтай ажлын байр, сургалтын талаар саналаа солилцлоо

- Орон нутгийн иргэдэд ажлын байрны давуу боломж олгодог -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК-ийн хамт олон Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй сар бүр уулзаж, тэдний санал бодлыг сонсдог уламжлал тогтсон. Уулзалт бүр тодорхой сэдвээр явагддаг бөгөөд энэ удаагийнх хөдөлмөр эрхлэлт, сургалтаар өнөөдөр боллоо.

Уулзалтын өмнө хүмүүст ажлын байраа хэрхэн зөв сонгох, намтар, ажилд орох өргөдөл хэрхэн бичих, сонгон шалгаруулах ярилцлагад хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгөх богино хугацааны сургалт явуулсан юм. Сургалтыг иргэд талархан хүлээн авч, идэвхтэй оролцсон байна.

Үүний дараа Ханбогд сумын иргэд хөдөлмөр эрхлэлт, сургалт, ажлын байрны талаар олон асуулт асууж, тэдэнд Оюу Толгой компанийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ялангуяа орон нутгийн иргэдийг Оюу Толгойд ажилд ороход давуу боломж олгож байгаа, өнөөдөр Өмнөговь аймгийн харъяат 1749 иргэн төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа зэрэг мэдээллүүд хүмүүсийн сонирхол их татсан юм.

Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Монголын говьд анх удаа уул уурхай түшиглэсэн техникийн сургалтын төвийг Ханбогд суманд хоёр долоо хоногийн өмнө нээсэн. Энэ сургалтын төв Оюу Толгой компанид техник мэргэжлийн ажилчид бэлтгэх төв байхаас гадна Ханбогдчууд болон говийн иргэдийн “боловсролын өргөө” болж байгаа учраас урт болон богино хугацааны олон төрлийн мэргэжлээр суралцах боломжтой болж байна” хэмээн хэллээ.

Энэхүү уулзалтын дараа зохион байгуулсан “Хөдөлмөрийн яармаг”-т Ханбогд сумын иргэд оролцож, Оюу Толгой ХХК болон ажил олгогч гэрээт компаниудаас нээлттэй ажлын байрны талаархи танилцуулга, өргөдлийн маягт, гарын авлага авч, сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.