Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Д.Амарчимэг "Бид дэлхийн жишигт нийцсэн инженер, техникийн ажилтнууд бэлтгэж байна"

-Оюу Толгой Монголын түүхэн дэх хамгийн том, өргөн цар хүрээтэй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна -

Оюу Толгой ХХК-ийн сургалтын ахлах мэргэжилтэн Д.Амарчимэгтэй тус компанийн инженер, техникийн ажилтнаа бэлтгэж байгаа явц, тэтгэлэгт болон дадлагажигч хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Монголд уул уурхайн мэргэжилтэн сүүлийн жилүүдэд нэлээд ховор бэлтгэсэн. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уурхайд нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд хэрэгтэй байгаа. Оюу Толгой ХХК-ийн хувьд ажилтнаа ямар байдлаар бэлтгэж байна вэ?
Оюу Толгой уурхай бол дэлхийд томд тооцогдоно. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглана. Тиймээс нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд зайлшгүй хэрэгтэй. Манай компани олон хэлбэрээр ажилтнаа бэлтгэдэг. Тухайлбал энэ жилээс эхлэн уул уурхайн салбарын мэргэжлээр төгсөгчдөөс шалгаруулан “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөртөө Монголын болон гадаадын их, дээд сургуулийг шинээр төгсөгчдөөс 65 хүн сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаатай хамруулж байна. Энэхүү хөгжлийн хөтөлбөр нь хэд хэдэн үе шаттай. Тэд өөрсдийн сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байран дээрх дадлага, мэргэжлийн хүрээнд мэргэшүүлэх зайн болон танхимын, мөн англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдана. Гол онцлог нь шинэ төгсөгчид 2 жилийн хөтөлбөрийнхөө хүрээнд 12 сарын хугацаатай Рио Тинто компанийн бусад улс оронд байрлах томоохон уул уурхайд ажиллаж, дадлагажих болно. Үүний дараа Оюу Толгойд ХХК-ийн мэргэжилтэй ажилтан, боловсон хүчин болно гэсэн үг.

Эхний хүмүүс уурхайдаа дадлагаа хийж эхэлсэн үү. Үр дүн нь хэзээ гарах вэ?
Эхний зургаан хүн Америкийн Юта мужид байрлах Кеннекот уурхайд ажиллаж эхлээд байна. Дараагийн зургаан шинэ төгсөгч Австрали дахь Рио Тинто компанийн Нортпаркес уурхайд 12 сарын хугацаатай дадлага хийхээр өнгөрсөн 5 сарын дундуур явсан. Удахгүй 8 дугаар сарын эхээр дахин 13 шинэ төгсөгч Америкийн Юта мужид байрлах Кеннекот уурхайд мөн 12 сарын хугацаатай дадлага хийхээр явна. Шинэ төгсөгчид маань эдгээр томоохон уурхайд очиж ажиллаж, дадлагажин, буцаж ирээд сурсан мэдлэг, ур чадвараа дэлхийд томд орох Оюу Толгой уурхайн хөгжил, бүтээн байгуулалтад зориулна.

Төгсөгчдөд ямар нэгэн бэрхшээл гарч байна уу? Магадгүй энэ асуултын хариулт уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа олон оюутанд үнэтэй зөвлөгөө болно байх.
Өнөөдөр шинэ төгсөгчдөд учирч байгаа хамгийн том бэрхшээл бол англи хэлний мэдлэг. Тиймээс сургалтыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа. Тэдний хувьд бусад сургалтаа ч онлайн байдлаар авна. Бид энэ жилдээ 25-30 шинэ төгсөгчийг гадаадын уурхайд дадлагажуулахаар төлөвлөсөн. Ирэх жил бусдыг нь солигдох байдлаар явуулна. Төгссөн хүмүүс маань дэлхийн хэмжээний том уурхайд дадлага хийж бэлтгэгдсэн, дэлхийн жишигт хүрсэн анхны инженер, техникийн ажилтнууд болно. Ажлын байран дээр сургалт явагдах учраас ийм боломж байгаа гэж бодож байна. Өнөөдөр ийм байдлаар мэргэжилтнээ бэлтгэж байгаа жишээ тун ховор. Тиймээс манай энэ хөтөлбөр бусад компанид жишиг болно байх. Шинэ төгсөгчдийн хөтөлбөрийн үр дүн нь жилийн дараа гараад эхэлнэ.

Уул уурхайн чиглэлээр олон оюутан суралцаж байгаа. Тэдний хувьд сайн мэргэжилтэн болох, иймэрхүү сургалтын сонгон шалгаруулалтад ороход юу анхаарах ёстой вэ?
Манай шаардлага бол уул уурхайтай хамааралтай мэргэжлээр төгссөн байх ёстой. Үүнээс гадна голч дүн, англи хэлний мэдлэг мэдээж чухал. Оюутнууд заавал төгссөний дараа сургах юм байна гэж ойлгож болохгүй. Оюутан байхаасаа өөрийгаа дайчлан сурах ёстой. Хамгийн гол нь англи хэлээ төгс эзэмших хэрэгтэй байна. Үүн дээр нэмж хэлэхэд Оюу Толгой ХХК уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж байгаа ШУТИС, МУИС гэсэн хоёр сургуулийн сургалтын хөтөлбөрийг дэлхийн жишигт ойртуулж, сайжруулж байгаа. Энэ бол боловсролд оруулж байгаа том хөрөнгө оруулалт төдийгүй багш, оюутнуудын мэдлэг чанартай болох алхам болно.

Өнөөдөр оюутнуудад сурах боломж нөхцөл хэрэгтэй. Ийм хэрэгцээ шаардлагад тэтгэлэгт хөтөлбөр их үүрэгтэй байгаа. Оюу Толгой ХХК ямар тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ. Хичнээн оюутанд олгох вэ?
Оюу Толгой ХХК Монгол улсын боловсролд хөрөнгө оруулж, урт хугацаатай, тогтвортой хөгжлийг бий болгож байна. Үүний нэг баталгаа бол тэтгэлэгт хөтөлбөр. Бид 2010-2015 онд дотоодын их, дээд сургуулиудад 200, гадаадын их, дээд сургуулиудад 30 оюутан тэтгэлгээр суралцуулна. Мөн Өмнөговь аймгийн харьяат 150 оюутныг дотоодын их, дээд сургуулиудад суралцуулна. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг 2010, гадаадын тэтгэлгийг 2011 оноос эхэлсэн байгаа. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уурхайн инженер, олборлолт, байгаль орчин, шинжлэх ухаан технологи болон геологийн чиглэлээр өдрийн ангид 3-4 дүгээр дамжаанд суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой. Өргөдөл хүргүүлэх эцсийн хугацаа нь жил бүрийн 8, 9 дүгээр сар байдаг. Манай гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож байгаа хүмүүс тухайн сургуульд элсэх шаардлагыг хангасан тохиолдолд Оюу Толгойгоос сонгож санал болгох АНУ, Канад болон Австралийн их сургуулиудад суралцана. Тэтгэлгийг бакалавр, магистрийн зэргийн сургалтад олгож байна.

Оюутнууд тэтгэлэгт хамрагдахын тулд юу анхаарах ёстой вэ. Ямар шалгуур байдаг вэ? Боломж хүн бүрт нээлттэй байдаг уу?
Боломж хүн бүрт нээлттэй. Манайх хэвлэл мэдээллээр ил тод, нээлттэй зарладаг. Хүссэн хүн бүр оролцох боломжтой. Тэтгэлэгт өөрсдийн тавьсан шаардлагын дагуу сонгон шалгаруулалт хийдэг. Оюутнуудад мэдээж тэтгэлэг хэрэгтэй. Бид сургалтын төлбөрийг нь төлнө. Орон нутгаас Улаанбаатар хотод ирж суралцаж байгаа бол оюутны байрны зардлыг төлнө. Бас сар бүр стипент өгдөг. Хэрвээ гадаадад суралцах тэтгэлэг авсан бол Монголоос тухайн сонгосон орон луу явах нэг удаагийн зардлыг олгоно. Визний болон сургуультай холбоотой бусад зардлуудыг ч бас гаргана. Гадаадын оюутны тэтгэлгийг хоёр жилээр олгодог.

Оюу Толгой ХХК оюутны хөгжилд хөрөнгө оруулж байгаа өөр ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ? Өнөөдөр уул уурхайгаас бусад мэргэжлээр сурч байгаа оюутнууд олон бий. Тэдэнд энэ мэдээлэл хэрэгтэй байх.
Оюу Толгой ХХК дадлагажигч оюутны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Оролцогчид заавал уул уурхайн мэргэжлээр суралцах албагүй. Хүний нөөц, барилга, мэдээлэл гээд ямар ч мэргэжлээр сурч байгаа оюутнууд байж болно. Гол нь манайхаас гаргасан шалгуурт тэнцэх ёстой. Оюутнууд зуны улиралд гурван сар, бусад үед өөрийнхөө боломжоор дадлага хийдэг. Манай зүгээс оюутнуудад сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн туршлага хуримтлуулах маш том боломж олгож байгаа. Мэдээж тодорхой хэмжээний цалин авна. Оюу Толгой ХХК дадлагажигч ажиллуулах мэдээллээ өдөр тутмын сонин хэвлэл, www.ot.mn цахим хуудсаар нээлттэй зарладаг.

Дадлагажигч цаашид сургуулиа төгсөөд Оюу Толгой ХХК-д ажилд ороход ямар нэгэн давуу тал байх уу?
Ямар нэгэн давуу эрх үүсэхгүй. Хэрвээ оюутнууд дадлага хийгээд дараа нь Оюу Толгойд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр ажилтан авах зар гарвал материалаа бүрдүүлж өгөөд бусад хүмүүсийн адил сонгон шалгаруулалтад орно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.