Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компани 2012 онд 1600 шинэ ажлын байр бий болгоно

- Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө -

Монгол улс, Улаанбаатар хот - Дэлхийн энтэй Монголын Оюу Толгой уурхайн бүтээн байгуулалт 2012 оны 5-р сарын 31-ний байдлаар 87 хувьд хүрээд байгаа билээ. Энэ намар хүдэр боловсруулж эхлэх тус төслийн ажиллах хүч болон хөдөлмөр эрхлэлтийн талаар Оюу Толгой ХХК-ийн мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Оюу Толгой ХХК-ийн хүний нөөцийн бодлого, ажиллах хүч, сургалтын хөтөлбөрүүд болон гарч байгаа үр дүнгийн талаархи сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчидтэй хуваалцлаа. Тухайлбал, 2012 оны 5 сарын 31-ний өдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтад 9621 Монгол хүн ажиллаж байгаа, Оюу Толгой ХХК энэ онд 1600 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн, мөн ажлын байрны нээлттэй зар болон ажилтан сонгон шалгаруулах явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Монголын түүхэн дэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг Оюу Толгой компани 110 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд үүнд үндэсний хэмжээнд 3300 залуусыг мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамруулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн 1200 багшийг бэлтгэх зэргээр хүний хөгжил, боловсрол, мэдлэг, ур чадварыг дэмжих ажлууд орж байна.

Сэтгүүлчдийн зүгээс орон нутгийн иргэдийг ажлын байраар хэрхэн хангаж байгаа, Оюу Толгой ХХК-д ажилд ороход хамгийн гол шалгуур нь юу байдаг, хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ гэх мэтийн асуултад хариулт авлаа.

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбилэг “Манай компани энэ жил захиргаа, санхүү, уул уурхайн инженеринг, геологи, техникийн үйлчилгээ зэрэг мэргэжлүүдээр 670 хүн шинээр ажилд авсан. Одоо 930 хүн ажилд авна. Бид ажилд орох хүсэлтэй хүн бүхэнд тэгш боломж олгож, шалгаруулалтаа ил тод, шударга явуулдаг” хэмээн ярилаа.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.