Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Ярилцлага: Э.Цэлмэг "Оюу Толгой ХХК энэ онд 1600 ажлын байр шинээр бий болгоно"

- Хүн бүрт тэгш боломж олгож, шалгаруулалтаа шударга, ил тод явуулдаг -

Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах мэргэжилтэн Э.Цэлмэгтэй ярилцлаа.

Оюу Толгой олон ажлын байр гаргаж байна. Энэ ажлын байраар дамжуулан олон өрхийн амьдралд, цаашлаад Монгол улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалт нь манай улсын түүхэнд хийгдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Энэ утгаараа олон Монгол иргэдийг ажиллаж, хөдөлмөрлөх өргөн боломжоор хангаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтад нийт 9621 орчим Монгол иргэд ажиллаж байгаа. Бид ажилчиддаа Монголын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний цалин хөлсийг олгодог. Ийм хэмжээний цалинг эх орондоо хөдөлмөрлөөд авч байгаа нь төслийн бас нэг давуу тал юм. Нэг ажилтны ард 3-4 гэр бүлийн гишүүд байдаг гэж үзвэл төдий хэмжээний иргэдийн амьжиргаа дээшилж байгаа. Үүнээс гадна гэрээлэгч компаниуд, ханган нийлүүлэгчдийн ажилтны тоо, гэр бүлийн гишүүдийг нэмбэл маш их тоо гарна. Оюу Толгой төслийн нэг ажлын байр хөдөлмөрийн зах зээл дээр 4  шинэ ажлын байрыг бий болгож байгаа. Мэдээж Оюу Толгой шиг ийм том дэлхийн хэмжээний төслийн үйл ажиллагаа нь ийнхүү өрх гэрийн амьжиргаанд төдийгүй цаашлаад Монгол улсын эдийн засагт эергээр нөлөөлөх нь дамжиггүй.

Гадныхан дарга хийгээд, Монголчууд зарагдаад явдаг гэсэн ойлголт манайд байгаа. Монголчууд удирдах түвшинд ажиллаж байгаа юу. Өнөөдөр нийт ажилтны хэдэн хувь нь Монголчууд байдаг вэ?
Одоогоор Оюу Толгой ХХК-ийн нийт ажилтнуудын 85 гаруй хувь, төслийн нийт ажиллах хүчний 60 гаруй хувь нь Монгол ажилчид байна.  Ажиллах хүчний ихэнхи нь Монголчууд байгаа учраас төслийн үйл ажиллагааг удирдан явуулахад Монгол ажилчид хамтдаа оролцож байна. Оюу Толгой төслийн анхны бүтээгдэхүүн гарах үеэс эхлэн ажилчдынхаа 90-ээс доошгүй хувийг Монгол иргэдээс бүрдүүлэх, орд ашиглаж эхэлснээс хойш таван жилийн дотор нийт инженерүүдийн 50-иас доошгүй хувийг, арван жилийн дотор 70-аас доошгүй хувийг бүрдүүлэх зорилготой. Оюу Толгой ХХК-ийн нийт Монгол ажилтнуудаас Дэд ерөнхийлөгчийн түвшний албыг 3 хүн хашиж байна. Хэлтсийн менежерүүдийн түвшинд 20 гаруй, дунд шатны удирдах албан тушаалд 100 гаруй Монгол иргэд ажиллаж байна.

Ажилд орсон хүмүүсийн сэтгэл ханамж ямар байна вэ. Ажлын байрны суурьшил хэр байгаа бол?
Дээр хэлсэнчлэн манай компани цалин хөлсөө зах зээлд өрсөлдөхүйц түвшинд байлгаснаар шилдэг сайн ажилтнуудыг татах, ажилчдыг урамшуулан идэвхижүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах  нөхцлийг бүрдүүлдэг. Манай хамт олны дунд ажлаасаа гарах, өөрийн санаачлагаар ажлаа өөрчлөх явдал маш бага байдаг нь ажилд орсон хүмүүс хэр сэтгэл хангалуун байдгийн илрэл болов уу. Монгол ажилтнууд эх орондоо дэлхийн түвшний техник технологийг ашиглаж, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн хэмжээний  том төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа бахархаж явдаг. Үүнээс гадна ажилчдаа сургаж хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь ахиулах тал дээр нэлээдгүй анхааран ажиллаж байна. Саяхан ажилтны сурч боловсрох санаачлагыг дэмжих тухай шинэ бодлого гаргасан. Ажилтнууд Америк, Англи, Өмнөд Африк зэрэг улсуудад очиж Рио Тинто компанийн дэлхийн түвшний томоохон уурхайнуудад туршлага судалж байна.

Байгууллагын нууц биш бол энэ жил Оюу Толгой ХХК яг хэдэн хүн ажилд авах вэ? Энэ тоо уншигчдад нэлээд сонирхолтой байх болов уу.
Энд нууц зүйл байхгүй ээ. Оюу Толгой ХХК 2012 онд 1600 орчим ажлын байр бий болгоно. Үүнээс өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн ажилд авсан байгаа. 2012 ондоо багтааж 900 орчим хүн шинээр ажилд авахаар төлөвлөсөн. Тэгэхээр ийм тооны шинээр зарлагдах ажлын байранд хүмүүс өргөдлөө өгөх боломжтой гэсэн үг.

Оюу Толгой ХХК-д ажилд орох хүсэлтэй олон хүн байгаа. Бас 2-3 сая төгрөг авилгад өгч ордог гэсэн яриа явдаг. Шалгаруулалт хэр шударга болдог вэ?
Ямар нэгэн ар, өврийн хаалга, авлига байхгүй гэдгийг онцлон хэлье. Манай компани ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон ажилтан сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулдаг. Бид ямар нэгэн зуучлагч байгууллага буюу хувь хүнээр дамжуулан ажилд авдаггүй гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Түүнчлэн зарим хүмүүс манай компанид ажилд орохдоо ажлын байрны зартай танилцаж материалаа бүрдүүлж, өргөдөл гаргахаасаа урьтаж хэн нэгэн танил тал, нөлөө бүхий хүнээр дамжуулан ажилд орох гэж оролдож цаг алддаг. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Зарын дагуу өргөдөл, материалаа авчирч өгөхийг зөвлөе. Ажилд авах үйл явцыг илүү шударга байлгахын тулд шийдвэрийг нэг хүнээр гаргуулдаггүй. Тухайн хэлтсийн удирдлага, хүний нөөцийн ажилтнаас бүрдсэн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажилд авах асуудлыг шийдвэрлэдэг.

Ажлын байрны мэдээллийг хаанаас авах боломжтой вэ. Мэдээлэл нээлттэй байж чаддаг уу. Ажилд орох хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Бид нээлттэй байгаа ажлын байрны зараа тухай бүрд өдөр тутмын Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ зэрэг 12 сонин, компанийн www.ot.mn, хөдөлмөрийн биржийн болон бусад цахим хуудсаар нээлттэй зарладаг. Өргөдөл хүлээн авах хугацаа дууссанаас хойш тухайн ажлын байрны шалгаруулалт ямар шатанд явж байгаа талаарх мэдээллийг манай компанийн цахим хуудаснаас харж болно. Ажилд орох хүмүүс ажлын зартай сайтар танилцсаны дараа өөрийн сонирхол, эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагад тохирсон хэд хэдэн ажлын байранд нэг зэрэг өргөдөл гаргах боломжтой. Мөн манай компанийн аль нэг ажлын байранд өргөдөл гаргаад тэнцээгүй бол дахин өөр ажлын байруудад өргөдөл гаргах эрх нээлттэй байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Ажилд орох хүсэлтэй байгаа хүмүүс ярилцлагад ирэхдээ тухайн ажлын байрны талаар тодорхой хэмжээнд судалсан, мөн өөрийгөө ярилцлагын үеэр аль болох бүрэн илэрхийлэх хэрэгтэй. Тухайн ажлын байрны онцлогоос хамааран англи хэлний чадвар шаарддаг. Бид тухайн хүний мэдлэг, чадварыг шударгаар үнэлэн ажилд авдаг тул хүссэн ажлын байрандаа сонгогдохын тулд өөрийнхөө ур чадварыг улам сайжруулан хөгжүүлэхэд анхаараарай гэж зөвлөмөөр байна.

Хүмүүс ажилд орох анкетаа өгчихөөд хариугаа авч чадахгүй байна гэдэг. Хариу өгөх, эргэх холбоог сайжруулах боломжтой юу?
Манай компанийн хувьд ойрхон давтамжтай олон ажлын байр зарладаг. Нэг ажлын байранд гэхэд дунджаар 40-50 өргөдөл, заримдаа 300-400 өргөдөл хүлээж авдаг. Тиймээс тэнцээгүй өргөдөл гаргагч бүртэй холбогдож мэдээлэл өгөх боломж одоогоор байхгүй.  Энэ талаараа ажлын байрны зар дээр тодорхой дурьддаг. Өргөдөл авах хугацаа дууссанаас хойш дунджаар 7-14 хоногийн дотор эхний шатанд тэнцсэн хүмүүстэй холбогддог. Шалгаруулалтын явцад хасагдаж, тэнцээгүй өргөдөл гаргагчид руу тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт дууссаны дараа мэдэгдэл явуулдаг. Цаашдаа тусгай программ ашиглан онлайнаар өргөдөл хүлээн авч, сонгон шалгаруулалт явуулах төлөвлөгөөтэй байгаа. Тэр үед хариу өгөх, эргэх холбоо сайжирна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.