Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК-ийн гэрээт байгууллагууд аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажилладаг

- Аюулгүй ажиллагааг үнэлэн өргөмжлөл гардуулав -

Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгой ХХК Монголын ажиллах хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг нийт 110 тэрбум төгрөгөөр (85 сая ам.доллар) санхүүжүүлж, оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Уг хөтөлбөр нь Монгол улсын түүхэнд энэ чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том санхүүжилт юм. Энэ ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулна.

Эдгээрийн нэг болох Улаанбаатар хотын Налайх дүүргийн Техник технологийн жишиг сургуулийн барилгын ажлыг “Батс Өргөө” ХХК гүйцэтгэж байна. Өчигдөр Оюу Толгой ХХК-ийн мэргэжилтнүүд барилгын талбайд очиж аюулгүй ажиллагааг чандлан мөрдөж, дэвшил гаргасан, мөн өндөрт ажиллах аюулгүй ажиллагааг хангаж ажилласныг үнэлсэн өргөмжлөлийг Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стив Гарсиа “Батс Өргөө” ХХК-ийнханд гардуулсан юм.

Тэрээр “Бид Монгол компанитай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Бид аюулгүй ажиллагааг хамгийн түрүүнд тавьдаг. Танай компани аюулгүй байдлыг өдөр бүр, бүх талаар ханган ажиллаж байгаад талархаж байна” хэмээн тус компанийн ажилчдад хандаж хэллээ.

“Батс Өргөө” ХХК-ийн захирал Ж.Батсайхан “Манай компани 70 000 хүн/цаг осол аюулгүй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 127 хүн ажиллаж байгаа. Бид аюулгүй ажиллагааг дээд зэргээр мөрдөж, Оюу Толгой ХХК-ийн шаардлага, стандартыг хангаж ажилладаг. Барилгаа хугацаанд нь чанартай өгөх зорилготой” хэмээн танилцууллаа

Налайх дүүрэгт баригдаж байгаа Техник технологийн жишиг сургууль нь 2013 оны 8 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.